Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ХҮНИЙ МАРГААШ
    Он цаг улирч, нар сар урган мандсаар, байгаль дэлхий сэргэн бас гандаж үргэлжилсээр, хүмүүн хөгширч хойч үе төрж байна. Хөх тэнгэрийн цаг тоогүй олон ч, хүний нас харин тоотой хэдхэн буюу. Орчлонгийн  маргааш тоо хязгааргүй байдаг ч, оногдож заяасан хүний маргааш харин тоо хязгаартай юм. Магадгүй маргааш дууслаа хэмээн үүдийг чинь ирээд тогшихыг хэн болиулж чадах вэ дээ. Хэзээ ч эргэж олдохгүй ганцхан амьдрах хүний бие гэж юутай хайран, юутай ховорхон завшаан юм бэ? 
Зөвхөн “Хайрлах, гамнах, хичээх” гэсэн гуравхан үг л хүний тоолох нас, тоглох амьдралд өчүүхэн тус болном. Мэдээж хүнд байгаль дэлхийгээс хайрласан амьдрах хугацаагаа санааныхаа зоргоор өөрчилж, уртасган амьдарч чадахгүй ч бие махбодоо хайрлан гамнаж, наслах боломжтой 120 насаа насалж яагаад болохгүй гэж. Энэ нь хэн бүхний өмнө нээлттэй байдаг ч юуны учраас хүний дундаж наслалт дөнгөж жаран хэдхэн  байгаа юм бол? Шалтгаан нь юу вэ? Мэдээж бүх юм тэгшгүй болохоор уудам энэ орчлонд хүний амьдрал, зан зуршил, орчин, нөхцөлийн ялгаа тэгшгүйгээс элэгдэл, хорогдол адилгүй байдгийг үгүйсгэхгүй. Гэвч бид хүнд хэцүү өнгөрсөн цаг хугацаанд амьдарч байгаа биш, мөн тэр цаг хугацаатай харьцуулан ярьж байгаа ч биш бүх талаар хөгжсөн XXI зуунд амьдарч байна. Энэ зуунд шинжлэх ухаан нийгэм өндөр хэмжээнд хөгжиж амьд хүнийг бүү хэл, үхсэн хүнийг ч хүртэл дахин амьдруулах хэмжээнд яригдах болж байна. Гэтэл өнөөдөр бодит амьдрал дээр бас арай өөр байдаг. Хүний дундаж наслалтыг өндөрсгөх, эрүүл энх амьдрахад чухал хэрэгцээтэй дорвитой ажил хангалтгүй шиг санагдаж байна. Энэ зуунд хүний дундаж наслалтыг 90 цаашилвал 100  хүргэхийн тулд  төр нийгмээс анхаарал сайн тавьж, мөн эрдэмтэн мэргэдийн тууштай оролцоо, ард иргэдийн эрүүл мэндийн боловсролд алхам тутам ахиц гарах нь нэн чухал байна. Сая ярьсанчлан хөгшрөлтийг зогсоож чадахгүй ч байгаллаг наслах ёстой насандаа дөхүүлэн амьдрах боломж бий түргэн хөгшрөх явцын шалтгааныг судлан мэдэж, сааруулах удаашруулах боломж бас бий. Харин үүнийг хүмүүс мэдэхгүй тоохгүй, ажил хэрэг болгохгүйд гор нь оршиж байна. Нэн чухал нь хязгаартай, тоотой хэдхэн насаа тоо хэмжээ, үзүүр хязгаар үгүй байдаг ямар нэгэн шалтгаан нөхцөл, хорт зуршилд идүүлж, соруулсаар байдаг. Өөрөөр хэлбэл буруу зуршил амь биед халгаатайг  мэдрэхгүй, мэдэрсэн ч дөжирч дассанаас үл тоосон шинж илрэх болжээ. Иймээс наад зах нь бид хэнэггүй амьдрахаас хичээж, амьдрах горимд шилжих хэрэгтэй. Эрүүл мэндийн мэдлэгээр ядуу, үлбэгэр байдлаа засаж эрүүл мэндийн ойлголтыг эрхэмлэн, шинжлэх ухаанч амьдрал зуршилд шилжих хэрэгтэй байна.
    Би энэ талаар олон зүйлийг тунгаан бодож туршилт хийхийг хичээдэг. Жишээ нь: Би өнөөдөр зуу наслана гэсэн зорилго тавьж амьдарвал мэдээж зуу наслах нөхцөл боломжийг аль чадахаараа мөрдөн амьдарч эхлэнэ. Харшлах олон буруу зуршлаас татгалзаж, хөгшрөлтийг түргэсгэх зүйлсээс зайлсхийн явахыг хичээнэ. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Сая ярьсан хайрлах гамнах, хичээх гэсэн гурван агуулгадаа тулгуурлан хэдэн үг хэлье. Хайрлах гэдэг  нь оюун санааны нэг чухал мэдрэмж бөгөөд амьдралын тулгуур асуудлуудын нэг юм. Хайргүйгээр амьдралыг, хүнийг төсөөлөхийн аргагүй.
    Төр гүрний дарга сайд нар, ард иргэдээ хайрлах, ард иргэд нь эв, эеийг хичээж,  айл, гэр бүл, эхнэр, нөхөр, үр хүүхэд, хөгшид настнаа  хайрлах. Хүний амьдралд хайр нь  уух ус, амьсгалах агаартай адил болно. Үүгээр ч барахгүй байгаль дэлхийгээ хайрлах бидний сэтгэл дутвал эх дэлхий маань амьдрах боломж бололцоог маань ч хангаж дийлэхгүйд хүрнэ. Жишээ нь: Бидний амьдралын буруу зуршлаас агаарын бохирдол, цэвэр усны нөөц багасах, онгон байгаль эвдэгдэх  байгалийн тэнцвэр алдагдаж байна.  Хайр оролцохгүй амьдрал гэж байхгүй болохоор хүмүүс бид яагаад бие биенээ хайрлах хайр дутаад байдаг юм бэ? Хамгийн энгийнээр хэлэхэд хүн өөрийнхөө биеийг яагаад хайрлаж чадахгүй байна вэ? Ажил амьдралын дунд эрүүл мэндэд халтай архидалт, тамхидалт худал хуурмаг, зан зуршил тархаад дэлхийг бүрхээд байна. Олз ашиг олохын тулд амь нас, эрүүл мэндээ ч хайхрахгүй, он жил, өдөр сарыг мартан ашгийн хойноос гүйж үнэт зүйлсээ алтаар ч солимгүй эрүүл мэндээ алдсаар байна. Хүн гэж сонин ойлгомжгүй амьтан, аман дээрээ одоо л эрүүл мэндээ бодохгүй бол болохгүй гэж ярьдаг атлаа, эрүүл мэндэд хор, хохирол болдог архи, тамхи, тос өөх  гээд дур. бах хангах бүх зүйлд мөнгө төгрөгөө хайрлахгүй зардаг. Мөн унаж буй машин, өмсөж байгаа хувцас, сууж буй байрандаа хэмжээгүй мөнгө зориулдаг ч, эрүүл мэнд болон өөрийнхөө биенд хөрөнгө оруулалт хийх гэхээр гар нь салганаад ирдэг. Эмчид үзүүлэх, эрүүл мэндийн хичээл цуглаанд суух зэрэг өөрт нь нэн ашигтай зүйлийг байнга хоёрдугаарт тавьж бусад зүйлээ эрүүл мэндээс эрхэм дээгүүр тавихлаар эрүүл мэнд ямар байх нь ойлгомжтой. Газар дэлхийд хүндэдмээр баян байсан ч, ганган хээнцэр бүсгүй байсан ч ийм үзэл сурталд автжээ. Уул нь “Өвчтэй хаанаас эрүүл гуйлгачин нь дээр” гэсэн онож хэлсэн үг бий шүү, Хүний үндсэн хэрэгцээ чухал байдаг ч тэр хэрэгцээг эдлэх, эзэгнэх  эрүүл бие нэн чухал  гэдгийг ойлгоорой. Хүн бидний сэтгэл зүрхэн дэхь түмэн олон хайраас улбаалан амьдрал цэцэглэнэ. Хүн гэдэг хайрын хэлхээс, халамж энергийн хураагуур “зай” гэж товчлон хэлье. Зай цэнэггүй болдогтой нэгэн адил хүн хайр, халамжаар дутвал сэтгэл дундарч бие унтарна. Агуу их амьдруулагч хайр гэдгийг гүн ойлгож өөрийгөө болон бусдыг, дотно хүмүүсээ хайраар бүү дутаагаарай. Энэ нь хүн болсны үнэт чанар гэхээс илүүтэй хайраар дутвал сүр сүлд эрүүл мэнд хохирдогийг санаарай.
    Хүн олон зүйлийг мэдэхгүй, чадахгүй байж болно. Заавал чадахын төлөө л амьдрах ёстой. Хамгийн наад зах нь өөрийнхөө эрүүл мэндээ хайрлаж сурах хэрэгтэй. Хүнийг тэжээн  амьдруулах гол эрхтэн бол ходоод билээ. Цог золбоо эрч хүч эндээс ундарна, энерги цуглуулах сав, илч энерги үүсгэх гал голомт юм. “Ходоод хогийн сав” биш гэж анх хэдэн жилийн тэртээ  бичиж байснаа энд давтан сануулмаар байна. Ходоодны хувьд  хоол байна уу,  хор байна уу, их байна уу, бага байна уу хамаагүй орсон бүгдийг шингээж, цааш цусаар дамжин биеийн эд эсэд тархан шингэдэг. Сайн чанарлаг хоолыг хэрэглэвэл шим болно. Муудсан, чанаргүй зүйлийг хольж хутган харшилдуулан хэрэглэвэл бүгд хор болно. Элдэв өвчин эндээс эх авна. Энэ тухай Төвд, Монгол уламжлалт анагаахын ёсонд  ходоодонд эс шингэсэн болгон дотор өвчин бүхний шалтгаан гэж тов тодорхой номолсон байдаг. Элэг ходоод, цөс нойр булчирхай гэдэс, харшил, хордлого бүхний шалтгааныг ходоод буюу хоол хүнстэй холбон үзвэл олон юмны үзүүр сэжүүр гарах магадлалтай байдаг.
Ам гэдэг хааны ордны харуулын цэрэг. Сайн муу, чанартай чанаргүй зүйлийг ходоодонд шалган оруулах учиртай. Аманд их учир байдаг болохоор “Алга дарам амаар амь амьдрал хоёулаа багтана” гэдгийг цээжлэн яваарай. Ходоод нь ялган салгах боломжгүй тогоо адил болохоор хоол орсон ч тэр, хог орсон ч тэр бүхнийг шингээн нухаад цааш гүйлгэнэ. Ам хэлээр дамжихдаа амтат хоол, ходоодноос цааш явахдаа тэжээл, бохир хоёрхон болж хувирна. Хоолны төрөл дэндүү олон, ходоод харин ганцхан билээ. Амьдралыг хүсвэл биеэ хайрла, амь биеэ хайрлая гэвэл ходоодоо хайрла.   


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats