Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ЗОВЛОН ЖАРГАЛЫН УГТААЛ, ЗОРИГ АМЖИЛТЫН ЭХЛЭЛ
    Зовлон  гэхлээр хүн бүхэн дальдарч хөндий хол байхыг хичээж зарим нь сэм  сэмхэн зугатаана. Яг үнэнийг хэлбэл зовлон бол жаргалын угтаал, зориг бол амжилтын эхлэл байдагсан. Зовж үзээгүй хүн жаргалын амтыг мэдрэхгүй, зовлон туулаагүй жаргал хямд өртгөөр олдсон бараа лугаа нэгэн адил чанарын хувьд хэврэг байдаг. Зовлон үзсэн хүн хаширсан хүн болж хувирдаг болохоор ямар ч байдалд буурь, суурь алдахгүй гэнэдэх нь ховор. Зовлон үзээгүй хүн бол ямар ч бэлтгэл буюу дархлалийг өөртөө бий болгож амжаагүй болохоор хэврэг мөртлөө сул дорой байж амьдралын жижигхэн бэрхшээлд бүдрэх, өчүүхэн юманд автаж унтардаг. Зовлон жаргал үзээгүй хүмүүсийн бас нэгэн онцлог бол өчүүхэн явдалд дэндүү баярламтгай, хөөрөмтгий эсвэл дэндүү гутрамтгай, гомдомтгой сэтгэл  хөдлөлийн байдалд оршдог. Яаж ч бодсон зовлон бол ухаарал, жаргалын эхлэл угтаал болно. Мэдээж зовлонгийн жимс гашуун мөртлөө халтай байдаг боловч идэх бүр жаргалын үнэрийг ханхлуулж байдаг. Тэр нь сургамж, туршлага, дархлал гэсэн хүч болон хувирч хүний амьдралын хожмыг гэрэлтүүлж өгдөг. Зовлон тааралдмагц хүмүүс зовлонгоос гарах арга замыг хайж эхэлдэг. Жишээ нь: Бие өвдвөл эдгэрүүлэх эргэж өвчлөхөөс сэргийлэх арга ухааныг эрж хайх. (Харин өвдөж үзээгүй хүн бол яг үүний эсрэг байж өвчтэй хүний зовлонг төдийлөн ойлгодоггүй) Ядуу хоосны зовлонгоос айж хөдөлмөрлөх, аж амьдралаа дээшлүүлэх, бусдын дунд мэдлэг оюунаараа дутмаг байхгүйн тулд биеэ дайчилж сурахыг хичээж эхэлдэг. Хүүхэд багачуул маань хичээл сургууль, даалгавраас халширч зовлон юм шиг төсөөлж ойлгодог. Гэтэл бага насандаа энэ зовлон бэрхшээлийг туулаад давчихвал хожмын зам гэгээн саруулхан болж ирдэг. Энэ нь зовсны эцэст жаргал ирдгийн жишээ болно. Зовлон үүгээр дуусах уу, үгүй ээ. Хүн гэдэг нь оршин амьдрах тодорхой цагийг олж авсан л бол энэ орон зай чинь дуусан дуустлаа зовлон, жаргал хоёроор ээлжилнэ. Гагцхүү та зовлон жаргал гэдгийг хэр ойлгож, хэр эвлэрэн зохицож чадсанаар амьдрал хэмжигдэнэ. Их, бага зовлон бүхэн тодорхой шалтгаанаас үүсдэг. Жишээ нь: Зодуулах болсон нь зодуулах нөхцөл бүрдсэнээс болсон, ядуурал байвал ядуурлын нөхцөл шалтгаан бий. Тэнэг байвал ухаан суух боломжоо нээж чадаагүй буюу алдсан, эрдэмлэг байваас эрдэм ухааныг өөртөө шингээх зовлонгоо гэтэлсэн гээд бүх л зүйл зовлонтой уялдаа холбоотой байж зовлонгийн үр шимээр жаргал, ухаарал ирдэг жамтай. Хэрэв амьдралд зовлон гэж үгүй болбол жаргал ч аяндаа устаж алга болно. Учир нь жаргалыг зовлонгоос ялган салгах зааг арилснаас хүн түүнийг мэдрэхээ болино. Зовлон үзээгүй жаргал бол солгой жаргал билээ. Иймээс хүн гагцхүү зовлонгоос зугатааж жаргал уруу тэмүүлэх зангаа халах эсвэл эргэж хараасай гэж зөвлөмөөр байна. Зовлонгийн хөшүүрэггүй жаргал хаа ч үгүй. Хүмүүс ээ зовлон буюу бэрхшээлээс бүү дальдар гагцхүү зовлон бэрхшээлийг зөв ойлгож, эвлэрч, дөт замаар туулах эсвэл тойрон гарах арга замаа сайн боловсруулж сураарай. Энэ бол дээд арга бас зориг болно. 


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats