Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ИЛ ДАЛД ОРЧЛОНГИЙН ХААЛГААР ЮУ ХАРАГДАНА ВЭ?
 Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн  Ардын уран зохиолч  Дөнгөтийн Цоодол  
    Бямбын Намтайн энэхүү номын дотроос эл бүлгийг уншаад би өөрөөсөө ингэж асуумаар байна. Надаас өөр  олон олон уншигч авгай нар ч бас өөрөө өөртөө асуулт тавиасай, номд өгүүлэн бүхий зүйлүүдийн тухай нухацтай эргэцүүлэн бодоосой гэж хүсч байна. Эрүүл аж төрөхүйн тухай эрдэмтэн эмч Намтай урьд нь цөөн биш ном бичсэн. Сонин хэвлэлээр байнга бичиж, радио зурагтаар ярьж байсан. Тэр бүхэнд хүн яавал эрүүл энх аж төрж болох вэ?, хүн өөрөө хүсэх юм бол эрүүл саруул,урт удаан наслаж болно гэдгийг ойлгомжтой, итгэлтэй өгүүлж тэр бүхний жорыг уншигч олонтойгоо хуваалцаж ирсэн. Бичсэн ярьсан хэлсэн нь олон хүнд санаа оноо өгсөн буян болсон гэдгийг нь ч мэдэх хүний нэг нь би. Энэ удаа “Ил далд орчлонгийн хаалгаар юу үзэгдэх...” тухайд нь уншаад бүр ч онцгой сэтгэгдэл төрлөө. Хэрвээ хүн юу ч хэлсэн итгэдэггүй сохроор хуучнаа баримтлагч, өөрийн харж сонсож байгаагаас өөр юу ч байх ёсгүй гэж боддог гэнэхэн эсвэл зөрүүд амьтан л биш бол хэнд ч энэ номын санаа сургамж их юм. Эмгэг өвчнөөс биеэ хамгаалах арга замын тухай хэсэг тун ойлгомжтой,хүнд ойрхон болсон гэж мэргэжил нэгт  нөхөд нь үнэлж буй. Үүний дээр орчлонгийн сонин хачин, бурхан шашнаа нэгэн үе бараг мартсан манайханд өөрийгөө арай өөр талаас нь таних, амьдрал орчлонгийн тухай эргэцүүлэн бодох баттай сэжим болж байна.
    Ижил од байдаггүй, од бүхэн ганцаараа
    Ижий ааваас төрсөн хүмүүс ч бас ганц ганцаараа
    Найтаалгын эмэнд ордог усан дуслууд
    Нарнаас бидэн дээр тусдаг цацраг бүхэн ондоо ондоо ...
Эрүүлийг хамгаалахын эцэг, яруу найрагч, эрдэмтэн Гиппократ бичсэн нь хүн ер нь хорвоо дээрх юм бүр ямар өвөрмөц байдаг,хэлбэр, хувь заяа нь ч өөр өөр байдаг бол тэр бүгдийг ялгавартай төрүүлдэг орчлон хорвоо гээч ямар аугаа нарийн зохион байгуулалттай оршихуй вэ гэдгийн  тухай яриа юм.Энэ нарийн төвөгтэй хязгааргүй орчлонг судалж танин мэднэ гэгч ээ дээ тун ч амаргүй болох тухай л өгүүлж байгаа юм. Хүнд бодмоор, ярилцмаар, хөөрөлдмөөр, санаа зовоосон, мэдээж гайхмаар зүйл хязгааргүй олон. Одон оронч, эмч, бодис зүйч яруу найрагч дорно дахинаар барахгүй ертөнцийн олон оронд амраг хайрын их дуучин гэдгээрээ  алдаршсан Омар Хайям” хамаг  ажил  явдал нь задарсан орчлонгийн тухай алдарт             “Рубайн”даа оруулан шүлэглэсэн юм.
    Олон тэнэг сүсэгтэн,ноёд тэднээсээ дээргүй ядуус
    Орд сайхан дэлхийгээ овоохой болгож гүйцлээ
    Орох суух газаргүй харанхуй заваан орчлонд
    Онхолдож унатлаа ууж л суухаас яах вэ “Хайям” гэсэн нь өнөө үед ч хамаарах болов уу. Мянган оны өмнө ертөнц харин ч гайгүй байсан байх, үгүйдээ л хэзээ мөдгүй сөнөлөө мөхлөө гэж шуугидаггүй байсан биз ээ. Ингээд бодохоор үнэндээ хүмүүст шийдээгүй асуудал чухамхүү өнөөх “Проблем” гэгч үстэй толгойноос олон бий. Тэгэхдээ тэр олон хоолойд тулсан сэдвийн дотор хүн төрөлхтөн амьдралаа хэрхэн аврах гариг дэлхийгээ сандаачихалгүй ,бурхан тэнгэрийн гэсгээлийг амсалгүй шиг соёл иргэншлээ авч үлдээхийн чинээ том асуудал одоогоор бий гэж үү? Сүүлийн үед энэ тухай хангалттай ярьж байна. 1987-2012 гэсэн тоо, сансрын эрчим эрс нэмэгдэж байгаль дэлхий ядуурч тэнцвэр нь алдагдлаа гэцгээж буй. Тэр хэрээр дошгирч зангаа хувиргаж ямар нэг залхаалд бэлтгээд байна гэсэн яриа эрдэмтэн мэргэдээс эгэл тариачныг хүртэл, эмээ нарын ховын ярианаас элдэв мэдээллийн сувагт хүрч халив.
    Энэ ч бас аргагүй ээ.
    Тулах цэггүй налуу тэнхлэг,
    Туж эргэлдэх хатуу бөмбөлөг,
    Өнгөөр ялгашгүй уран солонголог
    Үгээр өгүүлэшгүй үнэн гайхамшиг
    Бүрэнхий сансрын цэнхэр нүд......
    Бүхий л амьтны үдлэх үд ... гэж Явуу багшийн магтан дуулсан хорвоо минь бараг л үхэх сэхэхийн даваан дээр ирсэн тухай ярихад хүн зүрхтэй хэн боловч нэг юм бодох ёстой.Их салхи шуурганы өмнө шувууд үймэн шуугиж далай тэнгисээ орхин өндөр өндөр уулсын зүг нөмөр бараадаж нисэн оддог гэдэг. Би оросын алдартай зохиолч, байгалийн тухай бичлэгээрээ алдаршсан Николай Пришвиний зохиолыг байн байн хардаг. Тэнд голын минж үүрээ засаад тордоод, бөхлөөд эхэллээ, шуурга болох нь дээ гэж тариачид яриад эхлэхээр нээрээ удалгүй дошгин шуурга үер ч юмуу болдог гэж бичсэн байдаг юм. Үлгэрлэвэл манай дэлхийд тэр мэт аюул болдоггүй юмаа гэхэд дэлхий маань өнөөдөр базаахгүй байдалд байна. Үүний жишээг монголчууд бид ч нутаг дээрээ харж байна. Хуурайшил цөлжилт болж газар байн байн хөдөлж нуур голын ус ширгэж эхэлжээ. Ан амьтан цөөрлөө.... Намтайн ном анхаарлыг минь татсан тухай эхэнд өгүүсний учир энд байгаа юм. Яригдаад байгаа асуудлыг Намтай эмч соргогоор, сэхээтэн, эрдэмтэн хүний хуваарь хүлээн авчээ. Тэгээд олон түмэндээ анхаарал дохио өгье гэж шийдсэн байна. Эмч хүний хувьд эрүүл аж төрөх ёсны тухай цаг үргэлж дуугарч ажиллаж байдгийн хувьд зөвхөн физик бие, махан бодын эрүүл мэндийн хувьд төдий биш оюун санааны хувьд эмгэггүй байх нэгэнт оюун санаагаа гэмтээсэн бол түүнээ өөрсдийн ухамсраар эмчилж илааршуулах тухай яриа үүсгэсэн нь сайшаалтай байна.Нэгэн хүний биед хор нян орвол тэр хүний биеийг сүйтгэдэг нэлэнхүй хүн оюун сэтгэлийн хувьд өвчилбөл бие болоод гариг дэлхийгээ сүйтгэх юм шүү гэдгийн тухай номдоо авч үзсэн байна.Энд бүхнийг бурхан ном тарни залбирлаар засах ариутгах тухай ярихдаа биш. Хүн төрөлхтөн түүний дотор бид ч гэсэн сэтгэл оюуны хувьд дарамттай, өөрөө ч хохирч өрөөлийг ч хорлож улмаар улс нийгмээ, төрөлх гарагаа доош татах болсон гунигт үнэнийг эл номын энэ хэсгээр сануулжээ. Илээс гадна далд орчлонд бид амьдарч байгаа гэдгээ (үнэмших байх нь уншигчийн явдал) баримт жишээтэй хэлсэн байна. Зөн совин зөнч мэргэд, гэгээнтэн хутагтын тухай манайхан ярьдаг. Зайнаас мэдэрдэг, үздэг хардаг, нөлөөлдөг, үхэшгүй мөнх насалдаг, галт тэрэг, онгоцыг ухамсрын онцгой чадвараараа зогсоодог, оргүй хоосноос юу санаснаа бий болгодог ер бусын хүний тухай сонсоогүй бас уншаагүй хүн ховор. Харин тэр бүхнийг нүдээр үзсэн тэдэнтэй биеэр уулзсан нь үгүй. Үзээгүй, уулзаагүй гээд энэ бүхэнд итгэдэггүй, далд ухамсарт ч нэг л итгэж өгдөггүй. Гэтэл биднийг ингэж суух хооронд шинэ иргэншил, олон хэмжээст оршихуйн тухай дэлхий даяар шуугиж эхлээд удаж байна. Моод Монголоор дуусдаг гэдэг шиг ухамсрын дээрх хэлбэрийн тухай яриа ч гэсэн манайхаар дуусах магадгүй болжээ. Эл ботид хүмүүсийн нэг хэсэг үгүйсгэж, нөгөө хэсэг батладаг бурхан богд, хутагт гэгээнтэн, үхэх төрөх, үхлийн дараах амьдрал, сүнс, үйлийн үр, там, диваажин, тэр тухай зөнч мэргэд гэгээнтнүүдийн айлдвар, бидний адил хоёр хөлтэй хохимой толгойтой эгэл хүмүүс нөгөө ертөнцөд хүрч нүдээр үзсэнээ эргэж ирээд ярьсан бичсэн өчил бүгд бий. Мэдээллийн хэрэгслүүдээр бичих, ярих, үзүүлэх нэг хэрэг. Харин байдал ямархан болсныг гэрч баримт, эзэнтэй, эгэл ойлгомжтойгоор өгүүлсэн нь энэ номын нэг онцлог юм. Хайртай хоёрын дунд илжиг бүү жороол гэдэг шүү дээ. Одоохон танилцах уншигч ном хоёрын дунд би өөр юугаа хэлэх билээ.  0-08-08 


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats