Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ХҮН ЦАГ ХУГАЦААНЫ УХААН
АУ-ны хүрээлэнгийн захирал, Академич
Доктор, Профессор Н.Баасанжав
     Хүн ер нь эгэл жирийн байж л хүмүүстэй харьцах нь хамгаас чухал. Албархсан, ихэрхсэн хүн болгон хол явдаггүй. Бас уужим сэтгэлтэй, сэтгэлгээний багтаамж баянтай, үйл ажиллагааны хүрээ нь тэлэх тусам тэр хөгжинө. Хүн аль ч мэргэжлийг жинхэнээр эзэмшиж чадвал хязгааргүй ухаантанд хүрч чадна. Жишээлбэл: Эртний Грекийн долоон ухаантны нэгдүгээрт тооцогдох Фалес, хоёрдугаарт бичигдсэн Жюпера зэрэг нь бүгд худалдаачид байжээ. Хүн бүрийн улан доор ногоон зүлэг, дээр нь цэнхэр тэнгэрээс нарны гэрэл эн тэнцүү тусаж байхад хэн толгойгоо ажиллуулж бүхий л хүчээрээ хичээж зүтгэнэ тэр заавал сайхан үр дүнд хүрдэг. Хичээл оролдлоггүй хүнийг урагш хөдөлгөж, бодьгал чанарыг нь татан гаргаж, бусдын үйл хөдөлгөөнд ч түлхэц үзүүлж болдог. Шулуун шударга амьдрал хүнийг ивээдэг. Ойр хавьд нь ямар нэг дутуу зүйл үгүй, унтах, идэх зовлонгүй амьдралаас чадуу татуу нөхцөлд эрдэм номд нэвт шингэн хөдөлмөрлөж чадваас баян амьдрал аяндаа ирнэ. Бэрх хэцүү аж байдлаас амьдралаа эхэлбэл тэр чинээгээрээ хөдөлмөр хийх хүслэн оволздог. Би цагийн талаар цөөн зүйл хэлье. “Цаг бол мөнгө” гэдэг зүйр үг байдаг. Харин “цаг бол мөнгөнөөс илүү” гэж хэлэх нь үнэнд нийцнэ. Цагийг зөвөөр ашиглавал өөрийгөө гэгээрүүлж, зан араншингаа сайжруулж, хүн чанар нь тэлдэг.
Цагийн үнэ цэнийг үнэн зөв ухаарч ойлгож чадвал цагийг хатуу баримтлах зуршил аяндаа хэвшинэ.
Гайхамшигт ажил хөдөлмөрт цагаа зарцуулвал хүн амьдралын үр жимсээр баян болж үхэх хүртлээ утга учиртай, үр дүн олонтой амьдарна.
Үүний тод жишээ нь: Хүн шинжлэх ухаанаар амьсгалах юм. Шинжлэх ухаан бол жинхэнэ цагийг хатуу шаардсан, цагийн үнэ цэнээр бүтэж хөгжиж явдаг. Шинжлэх ухааны үнэлгээг эрдэмтний төрөлх авьяас, бүтээлч чанар, номын ухаанд үнэнч шинжээр нь тодорхойлдог. Судлаач эрдэмтэн хүн лаборатори буюу ажлын байр, номын сан буюу интернетээс холдох учиргүй. Энэ хоёрын дунд гүн зөрөг гаргаж гутлаа элээж чадсан хүн жинхэнэ эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтан болдог. Ийм хүн дуураймал шинжлэх ухаан гэдэг энэ зууны өвчнөөс ангид байж чадна. Шинжлэх ухаан гурван багана дээр тулгуурлан хөгжих ёстой. Нэгдэх нь буюу хамгийн гол нь эрдэмтэн хүн хоёрдох нь эрдэм шинжилгээний лаборатори буюу судалгааны материаллаг бааз, дараа нь мэдээлэл байна. Мэдээлэл гэдэгт номын сан, интернет, эрдмийн дээж бүтээл гаргах нөхцөл боломж хангагдахыг ойлгож болно. Энэ амин чухал үйл хэргийн төлөө хүчин чармайлт гаргаж чадсан хүн шинжлэх ухааны оргилд тугаа хийсгэж явна. Шилдэг үзэл бодол хийгээд зовж зүдэрч байж олж авсан мэдлэг туршлага бол хадгалсан ч орон байр эзлэхгүй, хаашаа ч аваад явсан мөнгө зарлагадахгүй. Харин үнэн хэрэгтээ цаг баримтлахгүй хүнтэй нөхөрлөхөд хэн ч байсан амьдралаараа, санаа сэтгэлээрээ хохирдог. Эрдэмтэй боловсролтой хүний нас уртасдаг. Академич Б.Ширэндэв 90 Б.Рагчаа 86 насалсан.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats