Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ӨВЧТЭЙ ХААН БАЙСНААС ЭРҮҮЛ ГУЙЛГАЧИН
Монгол улсын төрийн  шагналт, Соёлын гавъяат
зүтгэлтэн, Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол
    … Хүн төрөлхтөн үүсэн бий болсоор юу эсийг мөрөөдөж хүссэн бол доо? Хүн төрөлхтний санаа хүнээсээ олон гэж Грекийн суут эрдэмтэн Сократ хэлсэн гэнэм. Хүний тэр олон санаа лав л баяжиж хөрөнгөжин дэлхий даамгүй баян болохыг хүссэн байж таарна. Бас эрх мэдлийн оргилд хүрч хаан сууж олныг захиран байхыг яасан олон хүн өдрийн бодол шөнийн зүүдээ болгоо бол? Хэн хүний бүтээж амжихгүй уянгатай ухаантай уран шүлэг зохиол бичихсэн гэж мөн ч олон аавын хүү санаандаа санан, шанаандаа зуун зүтгээ бизээ. Цагаан хэрэм шиг урт, Таж Махал шиг гоёмсог, Египетийн цац суварга шиг бөх барилга байгууламжийг барьж нэрээ мөнхлөхсөн гэж өөр бас өчнөөн хүний үр өдрийн бодол, шөнийн зүүд болж явсан байлгүй. Бодол санаа сайнтай муутай, сайхантай муухайтай ч гэсэн өнөөгийн гариг дэлхий түүн дээр цогцолсон амьдрал аж төрөл бүгд нийлээд үе үеийн хүний л хүч оюун, хүсэл мөрөөдлийн үр дүн юм. Гэвч манай орчлон өнөөгөөсөө илүү үзэсгэлэнтэй, одоогоосоо улам илүү төгс төгөлдөр байж болох байсанд би итгэнэм, Тэгвэл ямар юм дутсанаас болоод дэлхий байх түвшиндээ хүрээгүй хэрэг вэ? гэж та асуухаа магадгүй. Үүнд би: Хүний нас даанч богино . эрүүл саруул бие бялдартай нь даанч цөөхөн байжээ, одоо ч бас тийм байна гэж хэлмээр санагдана. Ямар ч их алт, мөнгө хичнээн ч их эрх мэдэл эрдэм мэдлэг, хүч чадал байгаад эрүүл мэнд үгүй бол хүн та юухныг ч бүтээж чадахгүй … Эрүүл мэнд гэдэг чинь тэгэхлээр алт мөнгөөр ч эрх мэдлээр ч тэр байтугай эрдэм мэдлэгээр ч сольшгүй  ”Эрдэнэ”  байж таарав. Эрүүл саруул байхын тулд урт наслахын тулд сахих дэг журам яасан олон гээ! Биеийн тамир хий, агаарт зугаал, хоол хүнсээ тохируул, биеийн хөдөлмөр хий… гээд л гарч өгнө дөө. Тэглээ гээд би энэ талаар ярихгүй яръя гэвч мэдэхгүй. Харин хүний эрүүл мэнд сэтгэлээс ихээхэн бараг шууд хамаардаг гэж мунхаглан боддогоо хэлье. Сэтгэл ямар байвал сайн сан бол гэж та асуух байх л даа. Бүгдийг хэлэх арга байхгүй . Тэр болгоныг  мэддэг хүн энэ ертөнцөд бас үгүй. Тийм учраас би зөвхөн сэтгэл санааны ганцхан төлвийг тухайлбал: Уужим сайхан сэтгэлтэй бай. Аливаад адгаж, юм ганцаар дуусах юм шиг царай алдаж, өөрөө болоод өрөөлийг зовоож, улмаар эрүүл мэндээ бүү хөнөөж бай гэдгийг л хэльюү гэж саналаа. Энэ тухай яруу найрагчид ч маш олон удаа сануулж бичжээ. Эд хөрөнгөнд шунаж биеэ зовоохгүй байх, шуналын боол болохгүй байх тухай дорнын их мэргэн Омар  Хайям
”Эхээс гартлаа чи юу ч эдэлж байгаагүй
Энэ орчлонд ирсээр хэрэглээгүй юу ч байхгүй
Ханашгүй сэтгэлийн дарлал-шуналаас салсан цагтаа л
Хаадаас дээд бурхан, баячуудаас чөлөөтэй болном зээ … ” гэж бичиж.
Буриадын ардын яруу найрагч Өлзийн Дондог ”
    Ёохор хатирахад бүдэрч болдог
    Ёотонд дурлахдаа хүүхэд цацаж болдог
    Ёроолгүй баян амьдралын өвөрт
    Ёолох, инээх хоёр хоёулаа бий хэмээн” өгүүлжээ. Саяхан сонинд гарсан нэгэн зүйлийг өгүүлье. Олон жилийн тэртээ Италийн Кротон гэгч хотод эрчүүдийн бяр чадлын тэмцээн болжээ. Хүн бүр өөр өөрийн даах юмыг үүрч биеийн тамирын цэнгэлдэх хүрээлэн дундуур тойрон явж гэнэ. Зарим нь эр хонь , нөгөө нь том чулуу, бас нөгөө нь тампуугаар гурил, зарим нь амраг хүүхнээ үүрэн явж олны анхаарал татсан ч тарган шар үхэр үүрэн цэнгэлдэх хүрээлэнг гурвантаа тойрсон эр гарцаагүй түрүүлж хүмүүс нүдэндээ ч итгэхгүй гайхав гэнэ. Гэвч тэр бүхэн гарцаагүй үнэн байжээ. Яагаад вэ? гэвэл залуу эр шар үхрийг анх тугал байхад өргөж үзсэн, түүнээс хойш өдөр болгон өргөсөөр байгаад тугал ч жин нэмж, хархүү ч бяр нэмсэн гэнэм. Аливаад тэвчээр уйгагүй чанар хэрэгтэй. Түүний дээр эрүүл саруул байхад ч эрүүл энхэд ч хүч ухаан зарж байж хүрдэг гэдгийг өгүүлж буйгаараа эл яриа сургамжтай байна. Английн их зохиолч Вернард Шоу ” Амьдрал жаргалтай ч бай зовлонтой ч бай таны ажил үйлс урагштай, эс урагштай ч бай ямар ч л байсан эрүүл биеэр солих өөр илүү сайхан юм нэг ч үгүй ” гэсэн нь үнэнээс хойш, нээрээ л манай Монголын нэрд гарсан зохиолч Жан.Шагдарын
    -Тор нь бүтэн байхад шувуу яахан гарах вэ?
    -Тоост амьдралын жамыг хүн яаж гажих вэ ?
    -Тосох ямар ч үйлд толгой гудайн бухимдалгүй
    -Тоосон шинжгүй эрвэлзэн учраа ол нөхөр минь ” гэсэн ёсоор бэрхийг туулж амьдрах нь дээр биздээ.
Ингэж чадсан хүн л дэлхийд нэрд гарсан зохиолч Марк Твений хэлсэнчлэн ”Өөрт нь ажил мөнгө л олдож байвал юуг ч үл тоох авсчин хүртэл үхэхийн цагт харамгүй амьдрах боломж хэн бүхэнд олдохсон бизээ”.
Одоо өөр бас нэг ухаантай хүний үгийг иш татья. Германы цуутай гүн ухаантан Артур Шопенгауэр ”Өвчтэй Хаанаас эрүүл саруул гуйлгачин илүү жаргалтай байдаг” гэсэн юм. Эрүүл саруул хүн өөдрөг үзэлтэй байна. Гутранги үзэлтэй хүнд конъяк барихад адгийн нэрмэл ханхалдаг бол өөдрөг үзэлтэй хүнд нэрмэл барихад конъяк үнэртдэг гэдэг билээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats