Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
МОНГОЛЧУУД БИДНИЙ ОНЦЛОН АНХААРЧ, ЭРХЭМЛЭН ДЭЭДЭЛЖ, ХАЙРЛАН ХАМГААЛАХ 9 ЗҮЙЛС
Академич, анагаахын шинжлэх ухааны
 доктор, профессор Б.Цэрэндаш
1.Аялгуут сайхан монгол хэл
2.Монгол улсын дархан хил
3.Монголын бэлчээрийн мал аж ахуй, тэдгээрийн хоорондын тоо ба чанарын гайхамшигтай зохицол
4.Эцэг өвгөдөөс маань бидэнд уламжлагдаж ирсэн нүүдлийн соёл иргэншил
5.Монгол хүний уужуу тайван сэтгэл
6.Сэтгэл оюун, ухаан бодлоороо эцэг дээдэс, мөнх хөх тэнгэр огторгуй, нар сар, одод гарагстай харьцах, таван махбодоороо эх дэлхийтэйгээ мөнхөд хамт орших монгол  зурхайн ухаан
7.Монгол эрэгтэйчүүдийн тэвчээр хатуужил, эрэмгий зориг монгол эмэгтэйчүүдийн уян зөөлөн сэтгэл, эелдэг сайхан зан ааш
8.Ахмад дээд үеийнхэн, төр засгаа дээдлэн хүндэтгэж, сургаал айлдварыг нь даган мөрдөх, ирээдүй хойч үеийнхэн, түмэн олноо хайрлан хамгаалж, сургаал айлдвараа үлдээдэг монгол ёс
9.Ажил үйлс, айлдвар сургаалын үр нь үлэмж, хор нь хомс байдаг монгол жаяг
                1. Аялгуут сайхан монгол хэл 
Өнөөгийн Монгол Улсын нутагт оршин амьдарч байсан эртний овог аймгууд нь Монгол Улсын түүхийн тэргүүн ботид тэмдэглэгдсэнээр “...нэлээд боловсорсон хэл соёлтой байсан боловч монгол, түрэг, манж-түнгүс зэрэг хэлний ялгаа хараахан гараагүй, анхны үед хуучин (палео) азийн хэлтэй байгаад дараа нь урал-алтайн хэлтэй болж, нэлээд хожуу үед алтай язгуурын монгол, түрэг, манж-түнгүс хэл...” тус тус ялгаран салж ирсэн ажээ (Монгол улсын түүх. Тэргүүн боть. 183). Монгол хэл тийнхүү алтай язгуурын бүлэг хэлнээс салбарлан гарч авианы тогтолцоо, үг бүтэц, хэл зүйн хэлбэр, өгүүлбэрийн байгуулал, үгсийн үндэс, сангийхаа талаар биеэ даасан хэл болсон түүхтэй ажээ.
Монгол хэлний хөгжил, хувьслын үйл явцыг эрдэмтдэд:
1)Өвөг монгол хэл, 2)Эртний монгол хэл, 3)Дундад үеийн монгол хэл, 4)Орчин үеийн монгол хэл хэмээн үечилдэг юм. (Д.Төмөртогоо-1999. 106). Өвөг монгол хэл нь нэн эртнээс аргын тооллын I зуун хүртэл, эртний монгол хэл нь өвөг монгол хэлний сүүлч үеэс XI-XII зуун хүртэлх үеийг, дундад монгол хэл нь XV-XVI зуун хүртэлх үеийг, орчин үеийн монгол хэл нь түүнээс хойших үеийг тус тус хамаардаг байна.
Монгол хэлний үгсийн сан, хэвшмэл болон хэлц үг, зүйр цэцэн үгс, юмс үзэгдлийг тэмдэглэх ардын нэр томъёо зэрэг нь орон зай, цаг хугацааны дотор монгол соёл, түүний дотор монголчуудын эдийн боловсрол, утга соёлын зүйл хэрхэн үүсч хөгжиж ирснийг танин барих нэгэн чухал хэрэглэгдхүүн болж байдаг билээ.
Орчин үед хэл шинжлэл, соёл судлал зэрэг шинжлэх ухааны уулзварт хэлний соёл судлал буюу лингвокультурологи хэмээх шинэхэн салбар ухаан буй болон хөгжиж байна. Энэ шинжлэх ухааны тулгуур үзэл нь аливаа соёл заавал үндэснийх байдаг бөгөөд тэрхүү үндэсний шинж тэмдэг нь мэдлэг ухаан, ертөнцийг үзэх үзлээр дамжин эх хэлэндээ шингэсэн байдаг өөрөөр хэлбэл үндэсний соёл хэлний бүрхүүл дотор оршин хөгжиж байдаг гэж үздэг. Үнэхээр хэл бол эцэг дээдсээсээ бидний өвлөн авсан тэр эх соёлын бүрэлдэхүүн хэсэг, үндэсний соёлыг өөриймчлөн эзэмших гол хэрэгсэл ажгуу. Ийм учраас үндэсний соёлыг үндэсний хэлнээс гадуур авч үзэхийн аргагүй юм.
Энэ үзлийн үүднээс монгол хэлэнд хандах аваас монголчуудын элэнц хуланцууд түүхийн урт хугацаанд агуй хонгилд толгой хоргодож, байгалийн бэлэн өгөөжид шүтэн суурин байдлаар амьдарч байсан тэр үеийн соёлын гадаад орчин нь байгаль дэлхий л байв. Тийм нөхцөлд монгол хэлний хөгжил нь газар дэлхий, нар сар, уул усанд голдуу хандаж байв. Зэрэгцэн оршиж байгаа байгаль орчноо өөрсдийн бие эрхтэнтэй адилтган ангилж үздэг байсан тэр үеийг өнөөгийн монгол хэлний үгсийн сангаас олж харж болно. Жишээлбэл: Уул овоог хүнтэй адилтган сэтгэж уулын хэсгүүдийг толгой, шил, ам, баруун зүүн мөр, баруун зүүн суга, ар, энгэр, хормой гэх мэтээр хүний бие эрхтэнтэй адилтган нэрлэсэн байдаг. Харин монгол орон нүүдлийн соёл иргэншлийн анхны өлгий болсон нөхцөлд монгол хэл нь хүн-мал-байгал орчин гэсэн гурван гишүүнт тогтолцоог тусгасан нэр томъёо, ойлголт ухагдахуунаар баяжин хөгжлийхөө шинэ шатанд гарчээ.
Мал аж ахуйн холбогдолтой нэр ба үйл үг монгол хэлний үгсийн сангийн ихээхэн хэсгийг бүрдүүлэх болсон нь монголчуудын өвөг дээдэс эрт цагаас зэрлэг адгуус амьтныг гаршуулж улмаар бэлчээрийн мал аж ахуйг амьдралыхаа гол эх сурвалж болгосонтой холбоотой юм. Мал, мал аж ахуйн холбогдолтой үг, хэллэг, нэр томъёоны хувьд монгол хэл шиг тийм төгс боловсронгуй хэлийг дэлхийн бусад орноос олоход бэрхтэй бизээ. Монгол хэлний үгсийн сан дахь малын биеийн бүтэц бие эрхтэн, өнгө зүс, нас хүйс, ааш араншин, мөн мал аж ахуйн бүтээгдэхүүн, түүнийг боловсруулах, эдэлж хэрэглэхтэй холбоотой нэр томъёо, үг хэллэг тус бүрдээ хэдэн зуу, түүнээс цааш тоологдохуйц асар баялаг бөгөөд энэ талаараа шинжлэх ухааны хэлд тоологддог латин хэлнээс дутуугүй байдгийг эрдэмтэд судлан тогтоосон юм. М.Төмөржав, Н.Эрдэнэцогт Ч.Лувсанжав, Д.Гонгор, Я.Цэвэл нарын зэрэг судлаачдын тоолж гаргаснаар монгол хэлний үгсийн санд малын нас шүдний 160-аад, өнгө зүсний 300 гаруй, бие эрхтний 400 гаруй, адууны алхаа гишгээний 30 гаруй, малын ааш араншингийн 100 гаруй нэр томъёо, мөн малын бие эрхтний гадна хэсгийн талаар 100 гаруй, яс мах, булчин, судас шөрмөс, дотор эрхтний 2000 шахам нэр томъёо байдаг ажээ.
Тэрчлэн монгол хэлэнд аливаа юмны их багын хэмжээ, хэлбэр дүрс, өнгө зүс, мал амьтныг хүртэл бие эрхтэн, ааш араншинтай нь холбон нэрлэсэн байдаг. Жишээлэхэд Томоохон хэмжээний эд юмсыг адуу, тэмээ, үхрээр (үхэр чулуу, морин зээргэнэ, морин шарилж, морин шоргоолж, азарган бороо, азарган нэхий) бага жижиг эд зүйлийг гол төлөв ямаагаар (ямаан шарилж ямаан арц, ямаан харгана гэх мэт), мөн аливаа юмс, ялангуяа ургамлыг малын эд эрхтэнтэй төсөөтэй байдлаар нь (хурган чих, тэмээн хөх, үхрийн нүд гэх мэт) зүйрлэн нэрлэсэн байна. Тэр ч байтугай  хүний гадаад байдал, төрх, зан араншинг хүртэл малтайгаа холбож “ботгон нүдтэй”, “ишгэн дуутай”, “морин толгойтой”, “хуцан хамартай” гэх юм уу зүйр цэцэн үгэндээ “Бяруу болоогүй байж бух болох”, “Шилбэндээ чөмөггүй байж ширээ бөх ганхуулах”, “Ишиг эврээ ургахаар ээжийгээ мөргөх” “Зуун ямаанд жаран ухна”, “Сүүгүй хонь холбоонд сүж”, “Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэх мэтээр хэлцдэг.
Энэ бүхэн нь монголчууд нэлээд дээр үеэс малынхаа хэлбэр дүрс, өнгө зүс, ааш араншин тус бүрд оноосон нэр өгч, дараа нь түүнтэй шууд холбоотойгоор аливаа үзэгдэл юмсыг малтайгаа жишин том, жижиг, хэлбэр дүрс, ашиг хороор нь ангилан ялгаж ирсний гэрч юм. Тийнхүү мал, түүний бие эрхтнийг бусад юмс үзэгдлийн нэрээр нэрлээгүй, харин үзэгдэл юмсыг малынхаа бие эрхтэнтэй зүйрлэн нэрлэж ирсэн нь мал адгуусыг гаршуулж улмаар нүүдлийн мал аж ахуй эрхлэх болсонтой холбоотойгоор монгол эх хэлний хөгжилд гарсан шинэхэн үзэгдэл мөн билээ.
Чингэхдээ монгол хэлийг зөвхөн мал, мал аж ахуйтай л холбоотой, түүнийхээ явцуу хүрээнд хашигдсан хэл гэж үзэж хэрхэвч болохгүй. Нүүдлийн соёл иргэншлийн нөхцөлд амьдарч буй хүмүүс нь амьдралын эх сурвалж болсон малынхаа иддэг өвс ургамал, уудаг ус унднаас эхлээд байгаль цаг уурын хувирал, түүнд нөлөөлдөг од гараг, тэнгэрийн эрхсийн  байршил хөдөлгөөн, хүн малын амьдралд тэдгээрийн үзүүлэх нөлөө хүмүүс хоорондын харилцааны эерэг ба сөрөг талууд зэргийн талаар арвин мэдлэг хуримтлуулсан нь тэдний эх хэлний үгсийн сан, зүйр цэцэн үг, хэлц болон хэвшмэл хийгээд өвөрмөц хэллэгт тусгалаа олжээ.
Монголчуудын аман соёлын нэг томоохон хэлбэр нь ардын аман зохиол, үлгэр домог мөн. Монгол ардын үлгэр, домог нэн эрт цагаас хөгжиж ирсэн бөгөөд нүүдлийн соёл иргэншлийн нөхцөлд тооны хувьд олшрон утга агуулга, үзэл санааны хувьд өргөжин гүнзгийрсэн байна. Эрт ба дундад үеийн түүх, соёлын сурвалжуудад тэмдэглэгдсэн болон өнөө хүртэл бидний ярьдаг үй олон үлгэр, домгийн үүссэн цаг хугацаа, он сарыг нарийвчлан заах боломжгүй нь мэдээж.
Гэвч ардын үлгэр домогт гарч буй үйл явдал, гол баатрууд хийгээд дэлгэрүүлж буй үзэл санаа нь тухайн үеийнхээ ардын зөн билиг, мэдлэг ухаан, сүсэг бишрэл, хүсэл мөрөөдөл, эрхэмлэл дээдлэлийг тусгасан байдлаар нь тэдгээрийг түүхийн ямар үед бүтээгдсэнийг баримжаалах боломжтой байдаг ажээ. Монгол ардын үлгэр, домог нь байгаль нийхэмийн үй түмэн үзэгдлийг хүмүүс тухайн үедээ хэрхэн төсөөлж байсныг төдийгүй тэдгээрийн зөн билиг, уран сэтгэмж хэрхэн гүнзгийрэн хөгжиж байсныг илтгэн харуулдаг.
Нүүдлийн соёл иргэншил үүсч байх анхны шатанд Монголын нутаг дахь олон угсааны ард түмнүүд байгаль нийгэмийн элдэв шалтгаанаар ийш тийш нүүдэллэн нутаг шилжиж, өөр хоорондоо нийлэх, тархах, салбарлах үзэгдэл нийтлэг болсон учраас угсаатан ястан бүр өөрсдийн угсаа гарал, уугуул нутгаа танин мэдэж, хойч үедээ уламжлан таниулах эрмэлзэл хүчтэй болж байсан нь тэр үеийн түүхэн домгуудад тусгалаа олсон байдаг. Хэрэв хорвоо ертөнц, гараг эрхэс, адгуус амьтны гарал үүслийн тухай домгууд ихэвчлэн дан ганц хийсвэр сэтгэлгээ уран сэтгэмжид тулгуурласан байдаг бол түүхэн домгууд нь тухайн угсаатан, ард түмний түүхэнд эрт орой аль нэг цагт тохиолдсон бодит үйл явдлыг хийсвэр сэтгэлгээ, уран сэтгэмж адилтгал, хэтрүүлгийн хэлбэрээр нэлээд бодитой илэрхийлсэн байдгаараа онцлог юм. Үүний жишээ болгож бидний өгүүлэн буй үед хамрагдах түүхэн бие хүмүүс Хүннү гүрнийг үндэслэгч Модун Шанью, Сяньби улсын эзэн хаан Таньшихуай, мөн Алун-гоо хатны тухай болон Эргүнэ Кун, Табгачийн нүүдлийн тухай олон түүхэн домгийг нэрэлж болно. Эргүн Кунгийн тухай домогт дараах үйл явдал гардаг. Үүнд: Барагцаалбал аргын тооллын өмнөх II мянганы үед монгол аймгийнхан бусад аймагтай хийсэн дайнд бүрмөсөн ялагдаад хоёр эрэгтэй, хоёр эмэгтэйгээс илүү хүн үлдсэнгүй гэнэ. Хиан, Нукуз хэмээх хоёр гэр бүл дайнаас зугатан алс хол зайлан явснаар эргэн тойрон давж болшгүй эгц өндөр уулаар хүрээлэгдсэн өвс ургамал, ус унд тэгширсэн нэгэн их тал газарт мөнөөх хоёр айлын удам угсааныхан 400-гаад жил нутаглан суухад хүн ам, мал сүрэг нь өсөж үржээд эргэн тойрон гарч боломгүй уулсаар хүрээлэгдсэн тэр багахан газарт багтаж шингэхгүй болсон байна. Тэд мөнөөх давчуу газраас холдож гарах аргыг эрж хайсаар их уулын нэгэн хэсэгт төмрийн асар их хүдэр бүхий газар байхыг шинжиж мэдээд тэнд их хэмжээний мод түлээ хураан шатааж, далан үхрийн ширээр хийсэн бух хөөргөөр хөөрөгдөн төмрийг хайлуулж, мөнөөх уулыг сэтлэн зам гаргаад уг газраас гарч, олон арван жил нүүсээр Хэрлэн, Онон голын бэлчир Бурхан Халдун ууланд ирж нутагласан хэмээн уг домогт гардаг. Монголчуудын хэлцдэг түүхэн домогт эзэн хаадыг тэнгэр гаралтай гэж үздэг бөө мөргөлийн үзлээс эхтэй домог олон байдаг. Энд хүн бүхний мэдэх Алун-гоо хатны домгоос гадна өөр ч олон домог байдгийн нэг нь Хүннү гүрнийг мөхөөн Сяньби гүрнийг үндэслэгч Таньшихуайн тухай домог юм. Түүнд өгүүлэх нь: “... Таншихуайн эцэг Тоулухоу нь Хүннүгийн цэрэгт гурван жил яваад эргэж иржээ. Түүний эзгүй хойгуур гэргий нь хүү төрүүлсэн байхыг үзээд гайхан алахаар завдахад гэргийн хэлсэн нь: “Нэг удаа өдөр явж байтал аянга нижигнэхийг сонсон тэнгэр өөд харвал аманд нэг мөндөр унахаар нь залгичихсан. Чингээд жирэмсэн болж, арван сар болоод хүү төрүүлсэн. Энэ хүү ер бусын байх ёстой. Өсгөөд харагтун.” гэж хэлэхэд Тоулухоу үгэнд нь оролгүй хол аваачиж хаяулжээ. Гэргий нь гэрийн зарцдаа сэм тушааж, хүүгээ авчруулан өсгөж, Таньшихуай гэдэг нэр өгчээ. Тэр хожим эрэлхэг баатар эр болсон...” тухай уг домогт гардаг бөгөөд тэрхүү “мөндрөөс олсон” хүү Таньшихуай нь Сяньби хэмээх нүүдэлчдийн хүчирхэг гүрнийг үндэслэсэн ажээ.

Монголчууд тооны ухаан хийгээд удам зүйн чиглэлээр дэлхий дахинд гайхагдах арвин баялаг хэл, соёлтой байжээ. 65-70 оронтой тоог давхардалгүйгээр нэрэлж байснаас дурьдвал: 1-дан, 10-арав, 102-зуу, 103-мянга, 104-түм, 105-бум, 106-сая, 107-живаа, 108-дүнчүүр, 109-тэрбум, 1010-их тэрбум 1011-наяд, 1012-их наяд, 1013-маш дэлгэмэл, 1014-их маш дэлгэмэл, 1015-тунамал, 1016-их тунамал, 1017-ингүүмэл 1018-их ингүүмэл, ... 1059-тоолшгүй, 1060-хэмжээлшгүй 1061-цаглашгүй, 1062-өгүүлшгүй, 1063-хирлэшгүй, 1064-үлэшгүй, 1065-үлэмж дуусашгүй, 1066-сэтгэшгүй. Удам зүйн чиглэлээр дээд үе удам төрөл: 1. Эцэг, Эх,  2. Өвөг, Эмэг,  3. Элэнц өвөг, Элэнц эмэг,
4. Хуланц өвөг, Хуланц эмэг, 5. Элэн өвөг, Элэн эмэг, 6. Хулан өвөг, Хулан эмэг, 7. Холбоо өвөг, Холбоо эмэг, 8. Өндөр өвөг Өндөр эмэг,  9. Дээд өвөг, Дээд эмэг, доод үе удам төрөл: 1. Хүү Охин, 2. Ач хүү, Ач охин, 3.Жич хүү, Жич охин,  4. Жичинцэр хүү, Жичинцэр охин, 5. Гуч хүү, Гуч охин, 6. Гучинцар хүү Гучинцар охин, 7. Жихүү хүү, Жихүү охин, 8. Жилийх хүү, Жилийх охин, 9. Талийх хүү, Талийх охин, мөн эцэг өвөг нэгтэй ах эгч, дүүсээ: 1. Төрсөн ах эгч, дүү,  2. Үеэл ах эгч, дүү,  3. Хаяал ах эгч, дүү, 4. Үе ах эгч, дүү,  5. Хаяа ах эгч, дүү,  6. Үеэнцэр ах эгч, дүү, 7. Хаяанцар ах эгч, дүү, 8. Төрлийн ах эгч дүү,  9. Аймгийн ах эгч, дүү хэмээн нэрлэж байжээ.  
Монгол судлалын олонхи эрдэмтдийн судлан дүгнэснээр монголчууд XIII зуунаас нэлээд өмнө бичиг үсэгтэй, хаадын удам угсааны болон он дарааллын бичиг зохиолтой байсан ажээ.
Харин уйгаржин бичиг Монгол төрийн албан ёсны бичиг болсон нь Их Монгол улсын үед хамаарагдана. Их Монгол улсын үед Чингис хааны шууд санаачлагаар уйгуржин бичгийг монгол хэлний онцлогт тохируулан боловсруулж, төрийн албан ёсны бичиг болгон хэрэглэснээр нэгдүгээрт нийт монгол үндэстний нэгдсэн хэл төлөвшиж буй болох, хоёрдугаарт үндэсний бичгийн утга зохиол, түүх бичлэг дэлгэрэн хөгжих, гуравдугаарт бусад орны бичиг номын соёлын шилдэг ололтоос хүртэн эзэмших дөрөвдүгээрт нийгэмийн харилцаа мэдээллийн (коммуникаци) тоо шинэ, боловсронгуй хэлбэр буй болж, хөгжихөд үнэмлэхүй чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.
Монгол хаадын дэргэд монгол, найман, уйгур, хэрэйд зэрэг бичгийн түшмэдүүд ажиллан төрийн албан хэргийг мөнөөхөн бичгээр хөтлөж байв. Улирах цагийн байдал, монголын нийгэмийн огцом өөрчлөлт хувиралт, тэр үеийн нийгэм-түүхийн нөхцөл байдлын эрхээр монгол бичгийн дурсгалаас үрэгдэж алга болсон, гадаад оронд гарч сураг тасарсан нь олонтой. Эдүгээ олдоод байгаа монгол бичгийн анхны дурсгал нь “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын Далай хааны зарлиг. Ил болгон иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай” гэсэн монгол бичиг бүхий төрийн тамганы бичээс мөн. Тэрчлэн 1224-1225 онд хамаарах “Чингисийн чулууны бичиг”, Хятадад байгаа “1240 оны хятад монгол бичээс”, Ватиканы нууц архивт хадгалагдан байгаа Гүюг хааны бичиг (1246), Газан хаанаас Ромын пап ламтанд илгээсэн захидлууд (1290, 1302) нь худам монгол бичиг бүхий томоохон дурсгалууд юм.
Их Монгол улс төрийн албан ёсны бичигтэй болж, түүнд хаад ноёдын хүүхдүүдийг сургах болсноор Монголын нийгэмд бичиг номын ажил  дагнан буюу хавсран эрхэлсэн сэхээтэн маягийн давхраа бий болж, үндэсний мэргэдийн бичиж туурвисан болон гадаад хэлнээс орчуулсан бичиг зохиол, түүний дотор үндэсний түүх, уран зохиолын арвин их өв сан хуран цогцлох болжээ. Тухайлбал хүн төрөлхтөний соёлын томоохон дурсгалын нэгэнд тооцогддог “Монголын нууц товчоон” тэрчлэн “Их товчоо” “Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл”, “Дөрвөн төрийн арван буянт номын цагаан түүх” зэрэг бичгийн утга зохиолын томоохон бүтээлүүд гарсан байна. Энэ үеийн монголчуудын бичгийн үнэт дээж “Монголын нууц товчоон” нь монголчуудын аман зохиолын уламжлалд тулгуурлан гарч ирсэн түүх, уран зохиолын хосгүй бүтээл юм.
“Монголын нууц товчоон” болон түүний буй болгосон уламжлалаар дараах үеүдэд бүтээгдсэн хаадын удам угсааны түүх, он дараалсан бичиг зэрэг бичгийн утга зохиол нь түүхэнд болсон үйл явдлыг зөвхөн тоочоод зогсоогүй, уран домог шигтгээ шүлэг, яруу сайхан дүр, дүрслэл, уран хэллэгүүдээр нэн баялаг байдаг тул тэр нь нэг талаас түүхийн, нөгөө талаас уран зохиолын дурсгал болдгоороо онцлог юм. Зөвхөн “Монголын нууц товчоон”-д л гэхэд нийтдээ 1500 орчим мөрөөс бүрдсэн шүлэг дууллын зүйл орсон байдаг.
Өгүүлэн буй үед Монголын их хаад өөрийн орны болон эзлэгдсэн орны бичиг номын мэргэдийг зохион байгуулж, орд өргөөндөө суулган Монголын түүхийн тулгуур зохиолуудыг бичүүлж байсан нь эдүгээ түүх судлалын үнэт хэрэглэгдхүүн болон ашиглагдсаар байна. Үүний жишээ болгож Газан хааны даалгавараар Монголын нэрт бичгийн хүн Болд Чансангийн хамтаар Персийн түүхч Рашид-Ад-Дины бичсэн “Судрын чуулган”, Хулагу хааны мэргэн сайд, Персийн түүхч Ата Малик Жувейний “Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх” зэрэг зохиолыг нэрлэж болох юм.
1261 онд Хубилай хааны зарлигаар Бээжин хотод “Улсын судар зохиох хүрээлэн” байгуулж, түүнд монголын болон хятад, төвд, перс орны эрдэмтдийг татан ажиллуулах болсон нь бичгийн утга зохиол, ялангуяа түүх бичлэгийн хөгжилд чухал түлхэц болжээ. Тэр үед цуглуулж эмхтгэсэн болон зохион бичсэн монгол хаад, ноёд, бичгийн сайд түшмэдийн намтар болон түүхийн бусад бичгүүд нь арай хожуу Мин улсын үед эмхлэн зохиогдсон нь “Юань улсын судар” хэмээх 210 дэвтэр номын үндсэн хэрэглэгдэхүүн болсон ажээ.
XIII-XIV зууны үед зөвхөн түүх бичлэгээр зогсохгүй уран зохиол, орчуулгын зохиолын баялаг өв сан цогцлон бүтээгдсэн юм. Энэ үед “Чингэсийн билэг”, “Агусан хуурчийн домог” “Чингэсийн есөн өрлөгтэй өнчин хөвгүүний цэцэлсэн шастир” “Чингисийн эр хоёр загалын тууж”, “Алтан ордны үйсэн дээрхи бичиг” зэрэг монгол уран зохиолын үнэт дурсгалууд бүтээгджээ.
Өгүүлэн буй үеийн бичиг номын мэргэд монголчуудын ертөнцийг үзэх үзэл, ёс зүй, эрхэмлэл дээдлэлийг сургаал зохиолын хэлбэрээр бичиж уламжлуулсан нь цөөнгүй түүний нэг том төлөөлөл бол “Оюун түлхүүр” хэмээх бичиг мөн. Түүнийг Чингэс хаан зохиосон гэж үзэх явдал ч байдаг (Ц.Дамдинсүрэн. 1959. 58). Урьдын цагт гэрээр бичиг сурах багачуудад цагаан толгой заасны дараа цээжлүүлж, уншуулдаг байсан 440 мөр шүлгээс бүрдсэн энэ зохиол:
“Эртний Богд Чингисийн зохиосон шастирыг өчүүхэн сануулахын учир
Эзэд хаадтан олныг хураая гэвэл өглөгөө өг!
Осолдолгүй явъяа гэвэл түшмэдээ өргө!
Аугаа хүчээ ихэтгэе гэвэл цэргээ асар!
Агуудам (уудам) сул жаргая гэвэл эеэ хичээ! ...” гэж эхэлдэг.
Үүнээс үзвэл их хаантан яг өөрөө зохиогоогүй юмаа гэхэд Чингисийн билиг сургаал, удаа дараагийн зарлиг, айлдваруудын утга санааг бичгийн хүмүүс уншигчдад дөхөмтэй, ойлгомжтой сонирхолтойг бодож шүлгийн хэлбэрээр зохиомжилсон гэж үзэхэд болмоор байдаг.
XIII-XIV зуунд Дорно дахины гүн ухаан, анагаах ухаан, хэл шинжлэл, учир шалтгааны ухааны зохиолуудыг монгол хэлнээ орчуулах, тайлбарлан дэлгэрүүлэх ажил ихээхэн өргөжсөн нь манай ард түмний бичиг номын соёлд гарсан томоохон ололтын нэг байв. Энэ үед Энэтхэгийн “Эрдэнийн сан Субашид” “Махгалын магтаал”, “Банзрагч”, Хятадын Кунзын суртлын тухай “Ачлалт ном” зэрэг зохиолыг монгол хэлнээ орчуулсан байна. Мөн Энэтхэгийн алдарт үлгэр Панчатантрагийн нэг хэсэг “Калила Димна хоёрын үлгэр”-ийг XIII зууны дундуур перс хэлнээс дамжуулан монгол хэлнээ орчуулсаны дээр аргын тооллын өмнөх IV зуунд амьдарч, дэлхийн том эзэнт гүрнийг байгуулж байсан Македоны Александрын тухай домгийг “Сулхарнайн тууж” нэрээр монгол хэлнээ орчуулж байжээ.
XIV зууны эхэн үеийн Монголын бичиг номын нэрт зүтгэлтнүүдийн дотор гүн ухаантан, яруу найрагч, орчуулагч хэл шинжээч Чойжи-Одсэр том байр суурь эзэлдэг. Түүний олон зохиол бүтээлээс эртний Энэтхэгийн зохиолч Шаньтдевагийн “Бодичария аватара”-гийн орчуулга ба монгол тайлбар, “Бурханы арван хоёр зохионгуй” хэмээх эмхтгэл зэрэг нийт таван бүтээл нь манай үед уламжлагджээ. Буянт хаан хэмээх цолоор алдаршсан бөгөөд самгарьд, төвд хэлний өргөн мэдлэгтэй тэрбээр урьд нь Сажа бандид Гунгаажалцангийн бүтээсэн “Зүрхний тольт” хэмээх зохиолын утга санааг дэлгэрүүлж, хялбар болгон тайлбарласан “Зүрхний тольтын тайлбар”хэмээх хэл зүйн бичиг зохиосон нь зөвхөн тэр үеэр зогсохгүй, дараа дараачийн үеийн хэл зүйн хөгжилд том нөлөө үзүүлсэн ажээ.
Монголын Юань улсын үед (1271-1368) түүний бүрэлдхүүнд багтаж байсан олон хэлний иргэдийг бичиг үсгээр нь нэгтгэх гэсэн бодлогын үүднээс Хубилай хааны зарлигаар 1269 онд Пагва лам Лодойжалцан монгол дөрвөлжин бичгийг зохиосон билээ. Энэ бичиг нь дүрсийн хувьд төвд үсгээс, холбон бичих зарчмын хувьд монгол бичгээс эх авсан ажээ. Түүнийг эзэн хааны зарлигаар улсын бичиг болгож, төр, шашны аливаа хэргийг дөрвөлжин бичгээр хөтлөх болгожээ. Хубилай хаан дөрвөлжин бичгийг зөвхөн монголчуудын дунд төдийгүй, Юань улсын харьяат олон хэлтний дотор дэлгэрүүлэн хэрэглэхийг ихэд хүчлэн оролдсон боловч уг бичиг нь Юань улсын хааны ордны хүрээнээс гадагш төдий л хол халин гарч чадахгүй байсаар Юань улсыг мөхсний дараа үндсэндээ орхигджээ.
XIII зууны монголчуудын бичиг номын соёлд гарсан нэг томоохон дэвшилтэт үзэгдэл бол номыг модон бараар хэвлэх болсон явдал мөн (“Монголын соёлын түүх” дэд дэвтэр. 63). Том жижиг ном судрыг модон бараар хэвлэх болсонтой холбогдон барын бичээч, сийлбэрч, шүүгч буюу шүүтэглэгч, олшруулагч зэрэг мэргэшсэн хүмүүс шаардагдсан бөгөөд тэдгээрийн үүргийг монгол, төвд номч нар гүйцэтгэж байсны дээр ном судар барлах энгийн техник, хэрэгсэл, тохирох хэмжээний цаас будаг тэргүүтнийг ч бэлтгэн хэрэглэх болжээ.
Төрийн албан ёсны бичиг үсэгтэйгээр зогсохгүй түүх, уран зохиол, орчуулга зэрэг бичгийн утга зохиолын баялаг сантай нүүдэлчдийн хүчирхэг төр улс буй болсон нь суурин соёл иргэншилтэй эн зэрэгцэх нүүдлийн хэмээх соёл иргэншлийн шинэ хэв маяг бие даан гарч ирсэний бас нэгэн нотолгоо мөн.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats