Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
МЭЛМИЙГЭЭ НЭЭЦГЭЭЕ
    XIX зууны Буриад, Төвдөд нэрд гарсан Эрдэнэ Галшиев Бандида Хамбын гүн ухаан, шашны олон сургаалаас ”Мэлмий нээхүйн мянган бадаг”  ину:
    Зун цагийн болжмор мэт
    Эрт босоцгоо
    Хүмүүний нас гэдэг
    Өвлийн өдөр мэт богинохон

    Орон гэр, ойр орчноо
    Өөрийн нүүр мэт цэвэрлэ.
    Ариун цэвэр байх аваас
    Арван зүгийн хүмүүс ирж идээ хүртэнэ.

    “ Морь харах”-ын цагт
    Далд ичимхий бүсгүй мэт хол оч
    Үүднийхээ дэргэд хормойгоо шуугаад суувал
    Адгуус мэт хэмээн муулагдмуй

    Өөрийн суудаг орон гэрээ
    Биедээ таарахаар, сэтгэлд зохистой барь
    Гахайн хашаа мэт барьчихваас
    Хамаг өвчин гарах үүр болно.

    Эд баялгаа гэртээ бүү байлга
    Эд хадгалах зооринд хадгал
    Хэрэв эд хөрөнгийг тонолоо ч
    Аминд чинь өлзийтэй байх вий

    Өрөөлтэй хөөрөлдөхийн цагт
    Өөрийн эхнэрийн нүүрийг бүү хар
    Чамайг тэгвээс айлчин
    Чадалгүй адгийн амьтан гэж бодно
    Зочин ирэхэд ямагт бэлэн бай
    Зочлох идээ жимсийг үргэлж хадгал
    Хаан түшмэл хэн ч морилж ирэхэд
    Нүүр бардам байваас сайн

    Алт мөнгө тэргүүтнээс
    Буян үнэтэй гэж сана
    Буян барагдвал лав үхнэ
    Эд барагдлаа гээд үхсэн нь үгүй

    Өөрийгөө боломжийн хэмжээнээс илүү
    Нэн гоёхыг бүү хичээ
    Үгээгүй ядуу магнаг торгонд хөлбөрвөөс
    Гүрмийн золиг шиг олны инээдэм болно

    Идээ ундаа элбэг байлаа ч
    Нэн цадатлаа бүү ид
    Идэмхийнүүдийн ихэнх нь
    Идээгээ шингээхгүй өвчний үүр болдог

    Амины шүтээн болсон ходоодоо
    Нүднээсээ илүү хайрла
    Сохорлоо ч урт наслаж чадна
    Ходоод доройтвол түүнтэй адил бус аа

    Хэрэв унтахын үед идэх аваас
    Хар өглөөгүүр бүү хоолло
    Хэвтэх, босох хоёуланд нь идвээс
    Хорон дээр хор идсэн мэт болдог

    Өдөр дунд хоолондоо цадсаны сүүлд
    Өдөр болгон бүү унт
    Тэгэхийн оронд ярилцах аваас
    Тэрүүн шиг сайн юм үгүй

    Тослог хоол идчихээд
    Хоолны ташуур давстай ус, эсвэл ногоон цай уу
    Түрүүчийн хоол түргэн шингэх болоод
    Дараагийн хоолоо дуртайяа иднэ

    Бас үе үе халуун гэрт, эсвэл
    Халуун усанд орж угаал үйлд
    Хий бадгана арилж
    Арьсны өнгө тунгалаг болно

    Зарим үед ойн сайхан агаар
    Сэтгэлд зохистой цэцэрлэгийг шүт
    Уйтгарын харанхуй манан арилж
    Сэтгэлд амгалан баясгалан дэлгэрэх

    Зарим үед дотно нөхөдтэйгээ
    Баясан хууч хөөрөлд
    Зүрхний муу хий арилж
    Сэтгэлийг баясгалангийн цог тэжээнэ

    Биеэ хайрлаж байна гээд
    Цаг үргэлж гэртээ бүү хэвт
    Бие чинь юу ч даадаггүй болж
    Нялхарч дордоод түргэн хөгширнө

    Доройтох, хагацах, ялагдахад
    Гаслаж бүү гутар
    Гасласнаас сэтгэл балайрна
    Гаслахаас бие ч хөгширнө

    Хэдийд ч уйтгар, гуниггүй яв
    Сэтгэлийнхээ уужмаар сэргээн үйлд
    Сэтгэл баясахад оюун тунгалаг хурц болно
    Бие махбод амар болдог

    Өтлөвч урт насална гэсэн
    Сэтгэлийнхээ хүчийг бүү султга
    Сэтгэлийн хүч их байваас
    Хүн урт насалдаг явдал бишгүй бий

    Хүн болгонтой учрахдаа
    Баясан мишээж угт
    Тэгвээс хорвоогийн хүмүүстэй
    Учраа ололцохын шинж мөн

    Хэнийг ч болов харахдаа
    Баясгалантай нүдээр хар
    Урьд таних, танихгүй хэн боловч
    Угийн дотно нөхөр мэт явах болно

    Бусдаас салан явахын цагт
    Мишээн найрсгаар гаргаж өг
    Янаг нөхөд бол улам дотносож чамайг хүлээнэ
    Атаатан хүн байх аваас хууртагдаж одно

    Бага сага мэдсэнээрээ
    Бүхнийг мэдэгчийн дүр бүү эсгэ
    Уншлага төдийг мэдсэнээрээ омогшвол
    Мэргэдийн элэг доог болно

    Бусдын үгийг мэдсэнээ
    өөрийн болгож хэлээд бүү сайрх
    Хүнээс зээлж гоёсон чимэгээ
    Минийх гэж хэлсэнтэй адил

    Төрөлхийн болон олдмол сүртэй боллоо ч
    Аль зохистой эрдмийг эрмэлзэж сур
    Эрдмээр биеэ чимэхгүй болбоос
    Язгуур угсаа өндөр ч нүцгэн мэт болмуй

    Төрөлхийн ухаантай болбоос
    Тэр тусмаа эрдмийг хичээж сур
    Нисэх жигүүртэй хирнээ
    Огторгуйд халихгүй бол хэрэг байхгүй

    Ялихгүй эрдмийг гадарлачихаад
    Яруу алдарын хойноос бүү хөөцөлд
    Бичих унших төдий мэдсэнээрээ
    Мэргэн болчихлоо гэвэл мэргэд шоолно

    Ер нь ганцхан өдрийг ч
    Дэмий бүү өнгөрөө
    Зөгий балаа хураах шиг
    Зорьсондоо үргэлж хичээн оролд

    Хөвгүүд охидоо
    Хичээл номд сурга
    Тэгвээс тэд дуугарах хэлтэй болно
    Тэгвээс тэд дуулах чихтэй болно

    Бяцхан хөвгүүдийг сургахын цагт
    Үг хэлээр бүү доромжил
    Доромжлон зэмлэх нь хэтэрвээс
    Тэрний оюун хуй салхин дундах зул мэт болно

    Хүүхдээ зүрхнээсээ хайрлаж байлаа ч
    Хүү минь, үр минь гэж дэндүү бүү эрхлүүл
    Харин тэгэх юм бол дэггүй болоод
    Хааяа хүний хүүхэд шиг авирлана

    Ном хийгээд төрийн хэрэгт
    Ухааныхаа ид хаваар бодлого тавь
    Хоёр ёсонд мэргэжвэл
    Тэнгэр, газар хоёуланд явагч болно

    Их хэргээ бодож боловсруулахад
    Мах, өөх ихээр бүү ид
    Зүрх судасны хий боогдож
    Оюун ухаан мунхарна

    Багшийг шүтэхээс нэрэлхээд
    Ганцаараа сурах гэж бүү тэнэглэ
    Багшгүй сурах бэрх, сурлаа ч гэлээ
    Эргүй авгай хүүхэд олсон мэт болно
   
    Хоёр ёсонд ухаанаа уужруулсан
    Мэргэн багшийг үргэлж шүт
    Ганцаараа жил сараар оролдсон зүйлээ
    Багшийг шүтвэл нэг өдөр мэдэх

    Хов хэлдэг хүнд
    Гэмтэй үг бүү алд
    Тэр чинь баясгалантай дүр үзүүлж
    Сэтгэлийн чинь эрдэнийг хулгайлагч мөн
   
    Өөрийнхөө чанарыг нууж
    өрөөлийн чанарыг мэдэхийг чармай
    Зулын доорх сүүдэрт нуугданхан
    Бусдыг хардаг мэт явах хэрэгтэй

    Хэрэв эрдэм гавьяа буй бол
    Хэзээд амарлингуй номхон яв
    Үр жимсээ дааж ядсан мод мэт
    Үлэмж үзэсгэлэнтэй харагдах болой

    Бусдын нэгхэн гэмийг үзчихээд
    Сүйд майд болгон бүү хөөрөгд
    Өөрт чинь зуун гэм байна гэхэд
    Өөрт чинь бус бусдад үзэгдэнэ

    Ухаан мөчид, уйтан цээжтэнүүдтэй
    Уяран наадаж тоглож бүү яв
    Хайрын бөгж шидээд өгөхөд
    Хорт сум гэж санаж магадгүй

    Танихгүй хүнтэй хөөрөлдөхийн цагт
    Биеэ магтан бусдыг бүү муучил
    Бусдыг муулсан чамайг чанар муутай гэж бодно
    Биеэ магтсан чамайг тэнэг гэж мэднэ

    Тэрчлэн хөвгүүн, эхнэрээ ч
    Тэрүүнд, энүүнд бүү магт
    Эхнэрээ магтаад байвал
    Эмсийн бэлгийг магтсантай адил

    өөрийн муу явдлыг
    Өрөөлд гайхуулан бүү хөөр
    Муур, нохой мэтийн амьтад ч
    Муу шээс, баасаа шороонд булдаг биш үү

    Ямар нэг ажил үйлдэхийг хүсэхдээ
    Эхлэх үү, болих уу гэж шинж
    Санамсаргүй шийдэж гэндвэл
    Сайтар тунгаадаггүй хоосон толгойт даруй мөн

    Тэрчлэн дийлдэхгүй хэрэгт
    Боол зарцыг ч бүү зар
    Том зааны ачааг
    Хонь, ямаанд ачвал солиорсонтой адил

    Би ч олон юм бүтээнэ гэж
    Бусдад ам алдаж болохгүй
    Тэгэх аваас торгоны хүр хорхой мэт
    Өөрийнхөө үгээр биеэ хүлсэн мэт болно

    Их хэрэг сэдэхийг хүсвэл
    Тэрнээ бүгдэд бүү хэл
    Атаархагчид тотгор саад хийх гэж
    Дайснаа дарах мэт оролдоно

    Өөрийнхөө, өрөөлийн ямарч хэрэг бүтээх бол
    Ил, далд зайлшгүй, шударга ёсоор нь бүтээ
    Үйлийн үрийн ёс
    Хэзээ ч хуурмаг байдаггүй

    Их үйл төлөвлөх цагт
    Их мэдэгч болж ганцаар бүү зүтгэ
    Ганцаараа мэдэгч гэж хэлүүлэхийн тулд чармайвал
    Нэрлүүлсэн, нэрлүүлээгүй их хэрэг бүтээж чадахгүй

    Дараачийнхыгаа муу, сайныг тунгаалгүй
    Түрүүчийнхийгээ битгий орхи
    Янхан эм инээлээ гээд
    Янаг эхнэрээ орхидог хүн байдаг уу

    Хэрэг нэгэнтээ бүтсэн цагт
    Би бүтээв гэж бүү омгорх
    Шагай орхиод хонь, ямаа буудаг шиг
    Аз таарч бүтдэг ёсон буй

    Ёс бусаар хэрүүлд ялсан үедээ
    Тэрнээ бусдад бүү сайрх
    Баас, шээс идэх уралдаанд түрүүлчихээд
    Бардамнаж сайрхдаг хэн байх билээ

    Сайныг хүссэн бусдыг
    Мятруулан бүү хойшлуул
    Хөлтэй хүн гүйхэд
    Хазгар хүн саад хийх зохихгүй

    Юу болохыг нь сайн мэдээгүй хэргийг
    Бусдад бүү зөвлөж дурс
    Өвчин зовлон зохилдохгүй учир гарвал
    Чиний балгаар гэмтлээ гэх болно

    Ураг садан байлаа ч
    Хамаг нууцаа бүү дэлгэ
    Уралцах дайсан болцгоохын цагт
    Тэр чинь зүрхний судсыг гартаа атгана

    Ууртайгаа хэзээ ч ил гаргалгүй
    Баясан мишэлзэх дүр үзүүлж сур
    Дайсанд ч баясгалант дүр үзүүлж чадвал
    Эр хүний эрхэм чанар мөн

    Хорон санаатай муу хүний сэтгэлийг
    Хоёр иртэй хутга мэт бод
    “ Ай мэдэхгүй, мэдэхгүй” гэж баашлаад
    Муучлахын дон туссан хүн ч байдаг

    Олон хүнтэй наадахын цагт
    Сэрэмжгүй гэмт үг алдахаас болгоомжил
    Хорт сэтгэл зүрхэндээ нуугчид
    Тэрүүгээр чинь мэс хийнэ

    Хар санаат муу сэтгэлт хүмүүстэй
    Хэзээ ч бүү тэмцэлд
    Хар санаат хүний муу сэтгэл
    Хутганы ир мэт аймшигтай

    Хүч бага, хүчээр адил дайснуудад
    Өөрөө хүч ихтэй гэдгээ харуул
    Тэмцэлгүйгээр буулгаж авах нь
    Мэргэн аргатын явдал мөн

    Ялангуяа өөрөө чадалгүй байх цагтаа
    Хорлох үг амнаасаа хэзээ ч бүү гарга
    Тэгвэл харин байлдааны өмнө
    Мухар гарт сүржин үг хашгирсан мэт болно

    Дайсан инээж байгаад бэлэг өглөө ч
    Дотроо түүнээс болгоомжил
    Загасчин загас барихын тулд
    Дэгээнийхээ үзүүрт өөш өлгөдөг биш үү

    Бусад хүн чамайг мууллаа гэхэд
    Битгий хотолзон хорс
    Магтуулсанаас муулуулсан нь
    Алсдаа өөрт чинь тус ихтэй

    Хэн нэгэн чамд хор хүргэвэл
    Энэрэх дүрээр тус хүргэ
    Ухаантай л хүн юм бол цаадах чинь
    Өөрөөсөө ичээд уучлал гуйна

    Дотроо ялихгүй цухалдавч
    Царайгаа барайлган нүдээ бүү хялалзаж бай
    Хилэгнэвч цухалтай дүр үзүүлдэггүй нь
    Уужимхан дотортой хүний ёс болой


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats