Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
БУСДАД ТУСЛАХЫГ ЯАРАГТУН
    Энэ үг маш үнэ цэнэтэй сайхан үг болохоор миний сэтгэл зүрхэнд бичигдэн үлдсэн  билээ. Арваад жилийн тэртээ ямар номноос харснаа тодорхой санахгүй байна. Дэлхийн аль нэг өнцөгт эртний хүний  бичсэн “Бусдад туслахын  төлөө яарагтун “ гэсэн бичээстэй хөшөө байдаг гэсэн. Бусдад тусалж байна гэдэг нь нэг талаас өөрийгөө хөгжүүлж, өөртөө тусалж байгаа хэрэг юм. Таны тусыг хүртсэн хүн бүхэн танд эргүүлээд сайхан инээд, эерэг энергийг  бэлэглэнэ. Мянган хүн, зуун мянган хүн танд баяр талархалын сэтгэл бэлэглэвэл ямар санагдаж байна. Тэр чигээрээ сайн энерги ирэхээр сэтгэл хангалуун, эрч хүчтэй баяр жаргалаар дүүрэн өөдрөг сэтгэлтэй болж байгаа биз дээ. Энэ бол тусын хариу аз жаргалын хэлбэр юм. Бусдад тусалдаг сайхан сэтгэлтэнгүүд бага сага өвдөж зовсон ч тэр нь салхинд хөөгдсөн борооны үүл шиг замхран арилдаг. Энэ нь мөн тусын хариу болсон олон сайхан энергийн хүчинд ариусч буй явдал юм. Өнөөдөр бусдад тусалсан тус буяны өчүүхэн мөчир ирээдүйд сэтгэл сэргээсэн алимны модны цэцэрлэг адил ургана. Яг үүний  эсрэг тус хийхийг мэдэхгүй хүн ямар байх вэ? Хүн сөрөг энерги  олныг цуглуулахыг  бүү хэл, цөөн хэдийг ч дааж гарахад амаргүй, тэр чигээрээ бие сэтгэлийн дайсан болдог. Та өдөрт тав,  арван хүнтэй  хэрэлдэж маргаад байвал хэдэн өдөр тэвчих вэ? Таны ажил хэрэг цааш хэдэн өдөр тайван үргэлжлэх вэ? үүгээр ч зогсохгүй биеийн эрүүл мэнд, нойр, хоол,  сэтгэл санаанд ямар өөрчлөлт гарах вэ? Гэвч энэ бүхэн  бусдаас биш зөвхөн өөрөөс шалтгаалдаг. Та зүрх, сэтгэлдээ бусдад туслая гэсэн орон зайг гаргаж өөрөөсөө эхэлж өөрчлөөрөй. Хүн хорвоод ирэхдээ нүцгэн ирж, буцахдаа ч нүцгэн буцдаг. Уйлж ирээд уйлуулж буцдаг энэ хорвоод өөр өөрийн хэмжээндээ нэр хүндээ дуурсган, мөс чанараа гайхуулан  амьдрах нь зүйд нийцнэ. Хэмжээнээс хэтэрсэн хөрөнгө нэг зовлон, хэрэгцээнд хүрэхгүй хөрөнгө бас нэг зовлон. Нас явах тусам хүмүүс илүү зовдог. Хөрөнгөтэй нь  арав, хорин жил илүү яаж амьдрах вэ гэж, харин ядуу нь хэдэн өдөр хоногийг яаж өнгөрөөх вэ? гэж  зовсоор. Гэвч хаан байна уу,  харц байна уу хамаагүй,  хорвоо түүнийг баян боллоо гэж орхилгүй,  ядуу боллоо гэж үлдээлгүй авч оддог нь тодорхой билээ. Нэг баян найз маань  энэ хүүхэддээ  нэг барилга, тэр хүүхэддээ бас нэг барилгатай болгоод өгчихвөл санаа амар үхнэ дээ гэж хэлэх юм.Тэр олон барилгыг хоёрхон хүүхдэд өгөхийн оронд хоёр зуун хүүхдийг боловсролтой болгоод өгсөн нь дээр гэсэн миний зөвлөгөөгөөр тэр хүн тэс өөр хүн болж хувирсан даг,  бусдад туслахын үндэс нь эхлээд өөрөө ухаарч ойлгоход оршино. 
Аливаа мэдлэг боловсролыг эзэмшиж зөв хүн болох нь нэн чухал. Өөрөө хэн ч биш байж бусдад нийгэмд тустай ажил хийнэ гэх нь хоосон уриа төдий юм. Тус болохоос наагуур бас нэг зарчим бий. Юу вэ гэхээр “Бусдад туслахгүй боловч, бусдыг хорлохгүй байхыг хичээнэ“. Тус болохгүй  мөртөө хорлонтой, гай болдог нөхөд тоогүй олон. Хүний төлөө төрчихсөн, бусдын төлөө амьдарч байгаа юм шиг нөхөд ч  бас олон байна. Амьдрахын төлөө, нийгэмдээ дасан зохицохын тулд байнга бие сэтгэл  мэдлэг боловсролдоо анхаарал тавьж өөрийгөө хөгжүүлж байх хэрэгтэй. Биеэ засаад гэрээ, гэрээ засаад төрөө гэдэг үг байдаг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats