Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
БОД БАС ДАХИН БОД
     “Сур бас дахин сур” гэж В.И Ленин багш хэлсэн байдаг. Энэ санааг би, давтах гэсэндээ биш, амьдрал дээр сэтгэх бодох зүйл нэн чухал байдгийг сануулах гэсэн юм. Бодол гэдэг амьдрал. Амьдрал тэр чигээрээ бодол, бодлоос үүссэн бодол сэтгэлийн бүтээгдэхүүн байдаг. Хорвоо Ертөнц нэг талаасаа бодисоос, нөгөө талаасаа бодлоос бүтсэн байдаг тул энэ хоёроос бүрэлдсэн гэж үзэх талтай байдаг. Бодол шингээгүй, бодол агуулаагүй амьдрал, хүн гэж нэг ч үгүй. Хосуудын хайрын харьцаанаас амьдрал үүсэн сүндэрлэж, улс нийгэм энэ л замналаас үүсч бүрэлдсэн байдаг. Их бага үйлс бүхэн бодол сэтгэлээс эх авч зохиогдсон байдаг. Аугаа том роман тууж ч булгийн усны ундарга мэт зохиогчийн бодол сэтгэлээс оргилон гарч түүнийгээ үг өгүүлбэр болгож бичсэн хэрэг. Хүн төрөлхтний агуу их амжилт соёл түүх мөн адил бодол сэтгэлийн үр дүнд мөнхрөн үлдэж  сүндэрлэн боссон байдаг. Бидний амьдрах өнгө солонгорсон дэлхийн хагас нь байгалиас хагас нь бодол сэтгэлийн хүчнээс үүссэн гэж бодвол гайхалтай санагдана. Жишээ нь: Үлэмж том хотоос эхлээд өчүүхэн бага тахиа шувууны үүр хүртэл хүмүүний бодол сэтгэлээс бүтнэ. Энд юу ярих гээд байна вэ гэвэл хүнийг хурцалж, хөдөлгөн амьдруулах хүч болох бодол санаа гэдэг нь хүнийг амьдралд хөтөлж, түлхэж байдаг цорын ганц байгаллаг, төрөлх “дотоод хүч” юм гэдгийг ойлгоход оршино. Бодол сэтгэлийн хүчээ зөв мэдэрч, зөв ойлгож зөв хөгжүүлж, ашиглаж чадвал өөрөө хүртэхээс гадна бусдад ч тодорхой тусыг хийж чадна. Төрөхөөс үхэх хүртэл завсрын энэ богинохон хугацаанд хүмүүс юу эсийг бодох билээ. Зовлонг мартан жаргалыг эдлэх бага ажиллаж ихийг хүсэмжлэх, мөнгө төгрөг хэрхэн олох бас үрэх, үр хүүхэд ач гуч нарын амьдралыг залан төвхнүүлэх ирээдүйн сайн сайхныг зөгнөн хүснэ,  сайн муу элдэв үйлийн тухай  тоо томшгүй бодлууд бидний энэ биеийг тойрон эргэх нь юутай гайхалтай вэ? Хэнд ч үзэгдэхгүй, харагдахгүй бодол гэгч хүнийг бүү хэл хөрст алтан дэлхийг өөрчилсөөр, чимсээр бас эвдэж сүйтгэсээр байна. Тийнхүү сайн муу хоёр ухагдахууны эх үүсвэр, үндэс болсон “Бодол”-ын талаар байнга бодож үзээсэй. Бодол гэдэг нь оосор бүчгүй орчлон дэлхийд чөлөөтэй аялаж, гэрлийн хурдаар явах чадалтай үнэн гайхамшиг. Өдөр шөнийн хооронд цаг нарыг ялгалгүй ямар ч юмсыг их бага гэж гололгүй нэг бүрчлэн бодож, унтах нойрон дунд зүүд болон тэнүүчлэнэ. Сэрмэгц сэжиг төрүүлэн зовооно. Бүр заримдаа айлгаж ажил хэрэг болгон хүж, зул асаалгана. Энэ бүхнийг юу хөдөлгөж, юу хийлгээд байна вэ гэвэл зөвхөн бодол. Бодол ийм гайхамшигтай хөдөлгөх хүчийг агуулна. Бодол хаашаа зүглэсэн байна хүн тэр зүгийг зорино, хөл тийшээ алхана. Үүнийг “Бодлын хүч” мөн “Бодлын зарлиг” гэж ойлгож болно. Хүчтэй нь хүчгүйгээ дийлдэг гэсэн бичигдээгүй хууль байдаг. Хүн гэдэг оюун бодлын амьтан болохоор ухаан бодол ихтэй нь бусдаа захирч хөдөлгөнө. “Сэтгэлийг нь эзэмшвэл бие нь хаашаа явах вэ” гэсэн мэргэдийн сургаал бийдаг. Энэ нь хүнийг эзэмшихийг хүсвэл ухаан бодлыг нь эзэмд гэсэн санаа билээ. Бодол сэтгэлгүйгээр хүнийг төсөөлөх ярих ч хэрэггүй. Бодол ухааныг биеэс салгавал хүн гэдэг бол зөвхөн мах яснаас бүтсэн махан овоо төдий болно. Бодол ухаан гэдэг хүнийг амьдруулах хүч, эрүүл, саруул, тайван амьдрахын цорын ганц үндэс гэж ойлговол зохино. Иймээс бодлыг зөв тийш хөгжүүлж боловсруулж бэлтгэх нь хүн болохын зангилаа, эрүүл оршихын баталгаа юм. Зөв бэлтгэж хөгжүүлсэн бодол ухамсар зөв амьдралын горимыг тогтоодог бол буруу зүгт хөгжсөн бодол ухамсраас амьдралын буруу горим тогтож үүсдэг учиртай. Харин энэ хоёрын дунд хавьцаа эргэсэн бодол ухамсар бол өөрийн үзэл баримтлал сул буюу тогтож амжаагүй байдаг болохоор хаашаа ч хөлбөрхөд хялбархан байдалд хүргэнэ. “Сайн үрээр таривал сайн ургац хураана” гэдэгчлэн сайн санаж явбал сайн зүйл үүсэн буй болно. Мууг бодож муухай зүйл бясалган явбал муу үр дүн гарах нь тодорхой. Хүний бодол санаа явж ирсэн амьдралын замнал ямар байна, тэр хүний амьдралын замнал ул мөр яг тийм байна. Түүнийг будаж шунхдах, далдлах хэрэг огтхон ч алга. Ямар ч түвшинд бүх зүйлийг ард түмэн болон цаг хугацаа аяндаа харуулна. Сэтгэл судлалын хувьд бодлыг хальт бодох, дахин бодох, давтан бодох, сэтгэн бодох, бодол сэтгэлээс салгалгүй бодох, хардаж бодох, харьцуулан бодох, тунгааж бодох, сэлгэж бодох, эргэцүүлэн бодох, хийсвэрлэн бодох гэж олон хэлбэрт ангилж үздэг тал бий. Жирийн ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн бодол өөртөө, аж амьдралдаа хангалттай байдаг бол энэхүү бодлыг арав дахин, зуу дахин, хэдэн зуу дахинаар бэлтгэн боловсруулан бясалгавал юу болох нь ойлгомжтой. Бидний амьдралд тайлбарлахад төвөгтэй үзэгдэл юмс олон байдаг. Жишээ нь: Далдыг хардаг,агаарт хөөрдөг хана нэвтэлдэг, өнгөрсөн ба ирээдүйг зөгнөдөг, тарни үйлддэг хараал хийдэг зэрэг аливаа ид шид бүхнийг бодлын хүч буюу дотоод энергээ төвлөрүүлж бас хөгжүүлж тодорхой төвшинд хүрч чадсаны нэгэн илрэл гэж үзэж болно. Мэдлэг боловсрол бол дотоод хүч энергийн цуглуулга, өөрийгөө хөгжүүлэх энгийн арга хэрэгсэл юм. Хүмүүс ихэнхдээ нэг мэргэжил эзэмшдэг бол зарим нь хэд хэдэн мэргэжил мөн бурханы сургаалууд, гүн ухаан, тоо физикийг нэгэн зэрэг эзэмшдэг. Ийм хүмүүсийн бодол ухааны хүч тэнхээ ямар байх нь ойлгомжтой. Жирийн амьдралдаа бид бодлын хүчийг зөв ойлгон мэдэрч, зөв хөгжүүлж чадвал амьдрал болон соёлын баялаг үр шимийг эдлэхэд саад алга. Мөн өвчин зовлонгүй явах элдэв бэрхшээл зовлонг туулан гарахад сайн түшиг болж, гарах гарц бүхний өмнө нээлттэй байна. Ухаан бодлын цэлмэг тэнгэр хүн бүхнийг тэгш ивээж дэлгэрэх болтугай. Аливаа бэрхшээлээс зайлуулах, амжилт гаргахад нь туслах мөнхийн хүч танд өөрт чинь байгаа.Тэр бол бодлын хүч болно.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats