Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
СЭТГЭЛИЙН ХҮЧ
    Хүн сэтгэлийн хүч, дотоод тамиртаа шүтэж амьдардаг. Хүмүүс мэдэх мэдэхгүй элдэв зүйлийг шүтэн амьдрах,даатгах нь олон байдаг боловч цорын ганц шийдвэрлэх хүч бол дотоод сэтгэлийн гал, бодлын хүч билээ. Энэ сэтгэлийн гал хичнээн хүчтэй гэгээ гэрэлтэй байна хүний амьдрал төдий чинээ гэрэлтэж өөдөлж явна. Эрт эдүгээн гайхамшигтай хэн боловч гадаад хүчин зүйлээс илүүтэй дотоод сэтгэлийн хүчээ хэрхэн бэлтгэсэн, төлөвшүүлсэн, дайчилсан, зөв хувиарлаж чадсанаас амжилтанд хүрсэн байдаг. Бидний сайн мэдэхээс Чингис хаан ч эхээс төрмөгцөө дэлхийг байлдан дагуулъя гэсэн санаа байгаагүй нь ойлгомжтой. Амьдралын дунд сэтгэлийн хүч бүрэлдэж бүх Монголыг нэгтгэх, улмаар сэтгэлийн хүч нь тодорхой чадлыг олж дэлхийг  байлдан дагуулах санаа болж хөгжсөн байж болох талтай. Бурхан багш ч ялгаагүй ертөнцийн жаргал зовлон, хар цагаан, тэгш бус байдлаас залхаж энэрэнгүй нигүүлсэнгүй ёсыг байгаль дэлхий дээр буй болгоё гэсэн сэтгэлийн хүчиндээ татагдан ертөнцийн улаан тоосноос ангижран, түүнийгээ бодит хөтөлбөр бясалгал болгон шантрахгүй баримталсны эцэст нигүүлсэнгүй шашныг үүсгэн хүний амьдрах ёсыг одоог хүртэл нөлөөлж чадсаар байгаа бөгөөд энэ олон зуун мянган жилийн турш үргэлжилж буй агуу хүчний эхлэлийн цэг буюу сэтгэлийн гал нь бурхан багшийн даяанчлалыг зорьсон сэтгэлийн хүч дотоод тамир байж таарна. Ялгаагүй Есүс, Мухамед бурхад мөн ийм гайхамшигт өнөд сөнөж баларшгүй сэтгэлийн хүчтэй байсан нь ойлгомжтой юм. Сэтгэлийн хүчний талаар ойрын жишээ хэлэхэд XX зуунд дэлхийд танигдсан Хятадын агуу удирдагчдын нэг Дэн Сяо Пинийг[ 邓 小 平 ] дурдаж болно. XX зууны дундуур хүнд хэцүү байдалд орсон тэр том гүрний хуучинсаг үзэлд автагдсан тэрбум гаруй ард түмний үзэл санааг богино хугацаанд чөлөөлж “Өөрчлөлт, нээлт” гэсэн хоёрхон үгэнд базан нэгтгэж чадсанаар богинохон хорь гаруй жилийн хугацаанд улс орон ард иргэд чинээлэгжиж, зарим талаар дэлхийн тэргүүн эгнээнд шилжиж чаджээ. Тэр хүний  санаачилсан гайхамшигтай бодлого, сэтгэлийн хүч дотоод тамир нь төрийн бодлого хөтөлбөр болж хэрэгжсэнээр тэнгэр газрыг донсолгосон өөрчлөлтийг авчирсан гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрч байна. Энэ мэтчилэн яривал Карл Маркс, Элва Эдисон, Ньютон Исак, Д.И Менделеев, Т.Ватсон зэрэг хүн төрөлхтний бахархал болсон шинэ амьдрал, шинжлэх ухааны үндэслэгчдийн сэтгэлийн  их хүчийг нэн юу ярих вэ? Тэдгээр хүмүүсийн ухаан бодлыг гийгүүлэн гэрэлтүүлэгч амилуулан дайчлуулагч гайхалтай сэтгэлийн хүчтэй байсан гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байдаг. Олноос онцгой тасархай сэтгэлийн хүчиндээ түшиглэж тэд олон нээлтээ хийсэн байж таарна. Тэдний сэтгэлийн хүч нэг хүний цээжийг гэрэлтүүлэхийг бүү хэл нэг зуун, цаашилбал хэдэн зуун мянганы туршид хүн төрөлхтний аж амьдралыг гийгүүлэн гэрэлтүүлэх хүчин болсон байдгийг хэлэхгүй бол хэн ч анхаарахгүй өнгөрч мэднэ. Хүн төрөлхтний цог сүлд болсон эдгээр хүмүүсийг бид байнга шүтэн бишрэхээ больё гэхэд үргэлж санаж яваарай гэж хэлмээр байна. Бидний өдөр тутмын амьдралын хэмжүүр тоо физик хими телевиз, утас, машин техникээс эхлээд гэрэл цахилгаан бүхнийг эдгээр хүмүүсийн сэтгэлийн хүч бэлэглэсэн юм шүү. Энэ бүхний тухай  сэтгэлийн хөөрлөөр ярьж бичээд байгаа зүйл биш.Сэтгэлийн хүч гэдэг дэндүү гайхамшигтай, хязгааргүй, нууц далд байдгийг хүмүүс мэдээсэй гэдгийг хэлэх гэсэн юм. Сэтгэлийн хүчийг зөв хөгжүүлж зөв ашиглаж чадвал хүн төрөлхтний дэвшилд шинэ ахиц гаргаж болох талтай. Арга ядаж хүүхдийн сэтгэлийн хүчний суурийг зөв тавьж зөв хөгжүүлэх замд нь оруулж өгвөл хүн болоход нь мөн ч их хэрэгтэй болно. Багачуудын дунд  далд авьяас сэтгэлийн хүч нь гайхамшигтай өндөр хүүхэд байгаа. Тэднийг сонсохгүй  ойлгохгүй, мэдэхгүй, даран бүдэгрүүлж орхидог тал байгаа нь нууц биш юм. Сэтгэлийн хүч гэхлээр юу яриад байна вэ? гэж хүмүүс төдийлөн ойлгож хүлээн авахад төвөгтэй байгаа гэдгийг би ойлгож байна. Энэ бол нэгэн харьцангуй ойлголт мөртлөө хүн судлал, гүн ухаан, анагаах ухааныг хамарсан маш өргөн цар хүрээнд яригдах асуудал билээ. Гэвч энэ чиглэлээр шинжлэх ухаанд нарийн судалгаа одоохондоо алга байна. Жишээ нь дээр дурьдсан хүмүүсийн хэн хэнийх нь сэтгэлийн хүч тэнхээ чухам ямар хэмжээтэй байсан, энгийн хүмүүсээс хичнээн арав, зуу эсвэл мянга дахин илүү байсныг яаж ойлгох вэ? Хэмжээгий нь юугаар илэрхийлэх вэ? Хүн бүхний сэтгэлийн хүч тэнхээ адилгүй байдаг, зөрөөг нь гаргаж болох уу? Үнэхээр сэтгэлийн хүч сайтай хүмүүсийг илрүүлэн шинжлэх ухаанд бэлтгэвэл амжилтанд хүрч тэсрэлт гаргахад мөн ч их хэрэгтэй юмсан. Хүн бүхэн нэг далд хүчин зүйлд хөтлөгдөн амьдарч байдгаа мэднэ байхаа, зарим ухаан бодол муутай нь хүний аясыг дагаж амьдарна, хүнийг буюу өөрийгөө  чирж хөтлөн яваа тэр хүч бол сэтгэлийн тэнхээ буюу бидний  яриад байгаа сэтгэлийн хүч юм. Таныг хүн болсноос чинь эхлээд төгсгөл хүртэл  чирч явах  амьдруулах хүч юм. Хүмүүс бодол, ухаан, зориг зорилго гэж янз бүрээр нэрлэдэг боловч өөр хоорондоо зааг ялгаатай байдаг. Тэр бүхний дундаас шийдвэрлэх хөдөлгөх хүч бол даруй сэтгэлийн хүч болно  (Хятадаар  yi nian li 心动力. 意 念 力) гэж одоохондоо ойлгож болмоор байна. Чадалтай, мэдлэгтэй хүмүүсийн сэтгэлийн хүчээр том асуудал шийдэгдэж, том доргилт гардаг бол энгийн хүмүүс сэтгэлийн хүчээ зэвсэглэж, зөв бэлтгэн дайчилж чадвал өөртөө, амьдралдаа, эрүүл мэнддээ  зуун хувь зөв байж чадах бүрэн боломж бий. Амьдралдаа алддаг урууддаг, амжилт муутай бүхэн хэнээс ч хамааралгүй. Зөвхөн тухайн хүн д байгаль дэлхий, бурхнаас сайхан  амьдар гэж өгсөн нөөц боломж  болох сэтгэлийн хүчээ ашиглаж чадахгүйд оршиж байдаг. Өвдөөд, өвчлөөд байгаа хүмүүс мөн ялгаагүй эрүүл мэндийн асуудал дээрээ сэтгэлийн хүчээ төвлөрүүлж  чадсангүйгээс болжээ. Одоо бид зөвхөн өөрсдийн эрүүл мэндэд энэ хүчээ яаж ашиглавал зохих талаар яръя. Хүн гэсэн дээд төрлийг олж энэ цаг үед амьдран байгаа хүмүүс бүхэн азтай хувьтай  билээ. Онцлог нь  хүмүүс түүнийгээ ойлгож ухамсарлах талаар янз бүр байдагт оршино. Хүн төрлийг олно гэдэг зүүний үзүүр дээр ширхэг будаа тогтож байгаатай зүйрлүүлж болох ховор тохиолдол гэдэг. Өөр нэг талаас хэлэхэд амьдарч чадахгүй  байгаа хүмүүс, хүн болж сайхан амьдар гэсэн бурхны  бэлгийг буцаан шидэж байгаа  хэрэг юм. Архи, тамхи мэтийн хортой зүйлд  бие сэтгэлээ дэвтээх, өөх тос хурц хоол биед халтайг  мэдсээр байж идэх шуналд хөтлөгдөн хэтрүүлэн хэрэглэх байгаль  нийгэмтэй зүй бус харьцах, мэдлэгийн хомсдол,  залхуу хойрго байх нь  бие сэтгэлийг хорлох холын мөртөө “Чимээгүй дайсан“ гэдгийг дахин сануулан хэлье. Эдгээр санамж сэрэмжийг та ажил, амьдралынхаа  нэг агуулга болгож чадваас эрүүл аж төрөх ухаан таны дотоод сэтгэлд цэцэглэж өвчин, зовлон танаас холдож холуур тойрох болно. Энэ нь танд өөрийгөө хамгаалах дархлаа  тогтож байна гэсэн үг. Үүнийг гагцхүү сэтгэлийн хүчээр биелүүлнэ. Хэрвээ та гайхалтай сэтгэлийн хүчтэй бол ертөнцийг өөрчилсөн ч болно шүү дээ. Хүний бие сэтгэл, зүрх төрөлхийн хамгаалалттай байдаггүй. Хүн амьдарч ухаарсны хэрээр  бие сэтгэлийн хамгаалалтыг өөртөө бий болгодог. Амьдрал тэр чигээрээ бэрхшээл мөн  дайралт. Энэ бүхнийг  хүн бие, сэтгэл,  зүрхэндээ  хүндээр  тусгаад байвал  том гарз сүйрэл ирнэ. Бие сэтгэлийн  хамгаалалт өндөр хүнийг сэтгэлийн тэнхээтэй хүн гэнэ. Аливаа зовлон бэрхшээл бүрийг хүн сэтгэлийн тэнхээ, хүчээр даван туулдаг. Зүрх бол сэтгэлийн  хамгийн том ачааны машин бөгөөд амьдралын туршдаа тэр машин дээр даацаас нь хэтэрсэн сэтгэл, мэдрэмжүүдийг ачаад байвал мэдээж элэгдэл хорогдлын хэмжээг тооцошгүй бөгөөд үр дүн нь хүний наслах насны хэмжээгээр  тодорхойлогдоно.  Иймээс  бие сэтгэлийн хамгаалалтыг  өөртөө бий болгож  амьдралын аливаа дайралтаас хамгаалж сурвал эрүүл амьдарч урт наслах алтан боломж үлэмж болдог. Шууд хэлвэл ямар ч зовлон бэрхшээлийг сэтгэл оюундаа хүндээр тусгаж болохгүй  гэсэн үг. Хал үзэж халуун чулуу долооно гэдэгчлэн бие сэтгэлд халтай бүхнээс зайлсхийх бэлтгэл буюу хамгаалалттай болж сурахыг биеэ хамгаалах сэтгэлийн хүч гэнэ. Хэн нэг авьяастай хүн үүнийг  гүнзгийрүүлэн судалж олонд хүргэвэл хүмүүс сэтгэлийн хүчээ ойлгон, дайчлахад,  ихийг бүтээхэд мөн их хэрэг тус  болно байх гэж бодож байна.            


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats