Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
УРАГШАА ХАРЖ АМЬДРАХ УХААН
    Амьдралыг урьдчилан харах их ухаан байдаг гэж өвгөдийн амнаас хүүхэд байхдаа сонсож билээ. Ихийг нь биш гэхэд багыг нь ч болов сурах юмсан хэмээн боддог байлаа. Хүн амьдралдаа гарцаагүй дайран өнгөрүүлэх нас жил, цаг хугацаа аж амьдралаа, тайван амгалан өнгөрүүлэхийн тулд сэтгэлийн бэлтгэлтэй болоосой гэсэн санааг хэлсэн бололтой. Мэдээж энэ нь өргөн агуулгатай байж таарна. Энд зөвхөн эрүүл мэндийн талаас авч үзье. Монголчууд бидэнд ирээдүйн эрүүл  чийрэг хүн бэлдэх, эрүүл амьдрах ухаанд суралцахад   анхаарал хандуулах явдал тулгамдаад байна.
    Хүмүүс сайхан амьдрахын төлөө сурч, суралцаж мөн эд баялгаа зузаатгахын төлөө өдөр шөнөгүй хичээж, санаа бодлоо уралдуулсаар, ядрах, зүдрэх, өвдөхийг тэвчсээр эргэж харах завгүй явна. Өнөө цагийн хүмүүсийн амьдралын дүр төрх, чиг хандлага, бие сэтгэлдээ анхаарах байдал иймэрхүү байдалтай харагдана. Энэ бүхнээс харахад хүмүүс нэг зүйлээр дутмаг байгаа нь илэрхий бөгөөд  хамгийн гол үнэт зүйлээ мартсан буюу орхигдуулсан байдаг. Тэр нь “Эрүүл бие махбод” юм. Үнэндээ хүн идэх уух, өмсөх зүүх, мөнгө төгрөг, эд хогшил гээд хэрэгцээгээ хангахын төлөө тэмцсээр нөгөө талдаа эрдэнэ болсон эрүүл мэндээ орхигдуулсаар байгаа асуудал түгээмэл оршино. Бас зарим нь эрүүл мэндийн  мэдлэг дутмагаас өөрийгөө хохироосоор байна. Хүн хичнээн баян тарган тансаг амьдралыг бүтээсэн ч өдөр бүр өвдөөд байвал ямар санагдах вэ? тэгвэл ирээдүйд эрүүл амьдрах, өтөл насандаа өөртөө болон өрөөл бусдад зовлон тарихгүйн тулд яах ёстой вэ? Ердөө л эрүүл мэндийн хүмүүжил мэдлэг боловсорлоор өөрийгөө цэнэглэж, ирээдүйд ирж болзошгүй эрсдлээс зайлсхийх явдал юм. Хүүхэд үеийг эрүүл чийрэг өсгөж хүмүүжүүлэх нь өвчлөл бага байхын үндэс, залуу насанд биеэ хайрлан анхаарвал өтөл насандаа өвчин зовлонгүй явах боломж бий. Хүмүүс биедээ өөрчлөлт орж, өвдсөн үед нь эмнэлэгт хандаж байгаа нь нэг талаасаа хожимдож, нөгөө талаас эмчилгээний үр дүнг сааруулах муу талтай байна. Чихэрлэг хэтрүүлвээс чихрийн шижин өвчин, мах тослогийг хэтрүүлвээс элэг зүрх өөхлөж, судас нарийсан, даралт тогтворгүйтэх өвчин, тархины судасны өвчлөл, замбараагүй бэлгийн харьцаанаас хүнд, хөнгөн элдэв янзын халдвар, байнга бухимдалтай явбал ядаргааны дээд цэгт түргэн хүрч биеийн дархлаа суларч олон өвчин үүсэх боломж бүрдэх, олон удаа үр хөндүүлэх нь үргүйдэл, үр зулбах, сав өндгөвч гэмтэх, их даарснаас хоолой, үе мөчний өвчлөл үүсэх, буруу хооллох зуршил, чанар муутай хүнс зэргээс ихэнх дотор өвчин үүсэх, архи тамхи хэтэрвэл хордлого, дотор өвчин, хавдар үүсэх зам нээгдэж магадгүй. 30-40 наснаас эхлэн яс үе мөчинд тэжээлийн өөрчлөлт орох, зүрх судасны үйл ажиллагаа 35-45 насанд тогтворгүйдэх, эр эм бэлгийн үйл ажиллагаа 35-50 наснаас сулрах, ядаргаа, хөгшрөлт 30 наснаас мэдрэгдэх......гэх мэтчилэн өөрчлөлтүүд их бага ямар нэг хэмжээгээр эхэлдэг тул энэ үеэс эхлэн хамгаалах, сааруулах, сэргийлэх арга хэмжээг авч эхэлсэн байх хэрэгтэй.
Хүн бүхний ген, биеийн онцлог, аж амьдралын зуршил, бие сэтгэлийн ачаалал нөхцөл байдлаас шалтгаалж хүн бүрт өвчлөл хөгшрөл, янз бүрийн түвшинд илэрдэг тул биеийн байдлаа хянаж, мэргэжлийн хүмүүсээс зөвөлгөө авах, эрүүл мэндийн сургалт цуглаанд хамрагдан мэдээлэл авах, эрүүл мэндийн дасгал хөдөлгөөн хийх, хамгаалах гээд урьдчилан сэргийлэх аргачлал их бий. Ер нь эрүүл, золбоолог, залуу үед эрүүл мэндээ анхаарч сурвал дээд сайн. Өвчин эхлэх үед зөв эмчлүүлж чадвал тун сайн, оройтон эмчлүүлэх нь үр дүн бага байхын шалтгаан болно. Урьдчилан ойлгож эрсдлээс зайлсхийх арга бол гайхамшиг юм. Хүн бүхэн алсыг харж, холыг бодсон сайхан амьдралын зуршилтай болоосой, “Төлөвлөөгүй амьдарваас насаараа гуйлгачин“ гэдэг хятад ардын мэргэн үгээр энэ өгүүллээ өндөрлөе. 


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (1)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats